Тэнгэрийн зам Тэнгэрийн мөрөөдөл

Тэнгэрийн зам Тэнгэрийн мөрөөдөл

Монгол улсын засгийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн сайжруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх гэсэн гуншинтайгаар нэгэн төслийг эхлүүлэх болсон тухай өгчигдөр /2020.3.11 өдөр / мэдэгдэв.

“Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төсөл гэнэ. “Хотын зам” компанийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, орох, гарах 27 цэгтэй зам барих “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх болжээ. Замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барих аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр автозамын түгжрэл 46.5 хувиар, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцсон гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.

 

Тэнгэрийн гэдэг үгийг Монголчууд ямар утгаар хэрэглэж заншсан билээ. Бэлэгдэл, ухагдахуун талаас нь бодох юм бол Зам тээвэр хөгжлийн сайдын нэрлээд байгаа “ТЭНГЭРИЙН ТОЙРОГ”  гэдэг нь үл бүтэх санаа шүү гэдгийг нэрээрээ илэрхийлж байгаа хэлбэр бололтой.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн 80 хувь нь зөвхөн уулзвар, гарц, гэрлэн дохионы шийдэлтэй холбоотой гэдгийг гадныхан анхааруулж, зөвлөж ирсэн. Харин Монголын дарга нар уг асуудлыг нь хүлээн авч шийдэх бус өөр тэнгэрийн санаа өвөртөлж, түмэн олондоо шилний цаанаас чихэр хүлхүүлэх гэсэн мэт авирлах нь гашлантай.

Тэнгэрийн тойрог гэх төслийн төсөвт өртөг нь 800 сая ам доллар. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын Саппрогийн уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл шууд нэвтэх боломжтойгоор шийдчихэж болох л мөнгө. Саппорогийн тойргоос Офицеруудын ордон хүртэл төв зам дагуу 13 уулзвар байдаг. Эдгээр уулзварт гэрлэн дохио байхгүй, шууд дээгүүрээ, доогуураа нэвтэх боломжтой болгоод зогсохгүй шулаан явах замын систем хийчих юм бол Улаанбаатар хотын авто замын түгжрэл 60-70 хүртэл хувиар буурч болох юм. Ийм таамаглалыг гадныхан болон Монголын авто замын инженерүүд дэвшүүлж байгаа юм билээ.

Дөрвөн замын уулзвар бүхий хэсгийг гэрлэн дохио ашиглахгүйгээр нэг талынх нь дээгүүр, нөгөө тал нь доогуураа шууд нэвтэрч, тойрох хэлбэрээр эсрэг урсгалдаа ордог зохицуулалт хийхэд замын ачаалал шууд буурах боломжтой.

Тэнгэрийн тойрог хийх санаа нь хотын өнгө үзэмжийг бодсон гэхээсээ илүү Улс төрчдийн түр зуурын зугаа, түмэнд таалагдах гэсэн явцуургүй санаа гэж хэлж болох юм. Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан байна.

Нэгдүгээрт: Улаанбаатар хот 2020 онд метротой болоод гялалзаж байх ёстой. Ийм санаа 2011 онд гарч, зураг төсөл нь хийгдэж, засаг төр нь дэмжиж, ажил хэрэг болгох гэж байна хэмээн амлаж байсан билээ. Энэ амлалтыг МАН-ын улс төрчид өгч байлаа.

Хоёрдугаарт: 2013 онд өнөөх метротой болох тухай яриаг АН-ын улс төрчид дахин гаргаж ирэв. Одоо бол яг л бодит ажил хэмээн ярьж, 2016 оны эхээр бараг л зогсоол бүрийг нь зааж, ёслол үйлдэж байсан цаг саяхан. Харин энэхүү сүржигнэл нь чимээгүй болоод уджээ.

Гуравдугаарт: Метро улиг болсон учраас Нийслэлийн удирдлага “ДҮҮЖИН ТЭЭВЭР” гэх санааг дэвшүүлж эхлэв. Бас л нэг худлаа амлалт байх магадлал тун өндөр. Улаанбаатар хот шиг хүйтэн уур амьсгалтай хотод агаарын дүүжингээр итгээд зорчих хүн хэд бол. Нөгөө талдаа одоо байгаа уламжлалт нийтийн тээвэр нь зорчигчдийн дийлэнх нь төрийн тусламжаар явдаг, алдагдалтай байдаг нөхцөлд дахиад нэг шинэ зүйлд хэчнээн төгрөгийн татаас төр өгч чадах вэ?

Дөрөвдүгээрт: Засгийн газар дахиад нэг сайхан амлалт гаргачихлаа. Тэнгэрийн тойрог гэнэ үү. Тэр чинь худлаа шүү. Сонгуулийн өмнө солиорох гэсэн арга шүү гэж байгаа мэт нэр нь хүртэл Тэнгэрийн тойрог буюу тэр бүтэхгүй ээ. Тэнгэрийн юм гэж хэлж байгаатай нэгэн ижил сонсогдож байна.

Тэнгэрийн тойрог ярьж буй тээврийн сайд маань газрын замаа ч олигтой бариулчихаж чадахгүй мунгинаж суугааг бас мартаж болохгүй юм. Дарханы зам там болж, тээврийн эд анги эвдэрч, түүгээр зорчсон хүн бүр хараалаа урсгаж, хамаг муу үгээ хэлж дуусч байгаа шүү дээ. Тийм байхад тэнгэрийн зам бүтлээ юу? харагдаач