Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам маш том алдаа гаргасан учраас Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илэрлээ” хэмээн үзэж байгаагаа "Оном" сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар хэллээ.
Тэрбээр “Маш ноцтой алдаа гарсан байна. Тодруулбал, манай эрдэмтдийн баг болон бусад мэргэжлийн хүмүүс иргэдийн зөвхөн халууныг үзээд нэвтрүүлж болохгүй гэж үзэж байгаа. Шинж тэмдэг илрэхгүй 7-8 хонож байгаа, тэр үедээ халдвар дамжуулж байгаа талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд олон улсад нийтлэгдсэн даруйд "Оном" сангийн эрдэмтдийн баг дамжуулж мэдээлсээр байсан.
Бидний хувьд УОК өвчлөл гарсан улс, тэр дундаа голомтлон гарсан улсуудаас ирж байгаа хүн бүрийг тусгаарлаж байгаа гэж ойлгож байтал тийм биш байжээ. Франц улсын иргэнийг зүгээр өөрийгөө гэртээ тусгаарлаарай гээд явуулсан нь маш ноцтой алдаа.
Өнөөдөр манай эрдэмтдийн баг УОК болон ЭМЯ-нд маш тодорхой хэдэн зөвлөгөө өгөхөөр ярилцлаа.
Нэгдүгээрт, УОК-т эрдэмтдийг оруулж ажиллуулахгүй бол улс төрийн албан тушаалтнууд чинь баримт мэдээллийг харгалзан шийдвэр гаргаж чадахгүй байна. Халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эрдэмтнийг Онцгой комиссынхоо түвшинд оруулж ирж ажиллах шаардлага байгаа нь энэ удаагийн тохиолдлоос харагдлаа. Онцгой байдлын үед зөвхөн ЭМЯ-ыг сонсох ёстой гээд байгаа. Уучлаарай, тэгдэггүй юм аа. Хөндлөнгөөс харж байгаа хүн алдаа, оноог чинь хэлж өгөх ёстой.
Хоёрдугаарт, Дагаж мөрдөж байгаа журмаа ил тод зарлах хэрэгтэй байна.Нислэгүүдийг цуцлахгүй гэж үзэж байгаа бол хаанаас ирсэн, ямар хүмүүсийг яаж ажиглалт, тусгаарлалтад авах вэ гэдгээ тодорхой зарла. Халдварын тархалт нэмэгдэж байгаа Франц улсаас ирсэн хүнийг явуулсан нь тодорхой дүрэм журам байхгүй байна уу гэсэн хардлага төрүүлж байна. Нийслэл хотод хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа, амьсгалын аппарат хангалттай хүрэлцээтэй биш, уушги орлуулагч буюу ECMO аппарат нэг ширхэг ч байхгүй энэ нөхцөлд бид ийм тодорхойгүй байдалд байж болохгүй. Маш тодорхой дүрэм журмаа танилцуулаад, ягштал мөрдөх ёстой.
Гуравдугаарт, Нэгэнт халдвар илэрсэн учраас энэ хүний нэг, хоёрдугаар хавьтал болсон бүх хүнийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Яг БНСУ шиг ажиллах хэрэгтэй байна. Сэжигтэй хүн болгоныг шинжлээд, мэдээллээ нээлттэй зарла. Олон хүнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай учраас яаралтай оношлуур нэмж авах асуудлаа шийдэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, ЭМЯ өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл өгч байгаа. Тэр хурал нь ард иргэдийн хандив өгдөг арга хэмжээ болж хувирсан. Ийм байж болохгүй. Монголын төр татвараа авч байгаа. Төр ядарсан иргэдийнхээ хандиваар ажиллаж болохгүй. Үнэхээр хандив өгөх хүсэлтэй иргэд байгаа бол өөр арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Яамны мэдээллийн цагаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг товч тодорхой түгээж байх ёстой. Гараа угаа гэж мессэж явуулах, гараа угаахын ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгөх хоёр өөр.
Тавдугаарт, Бид улс орныхоо хэмжээнд зураглалаа гаргах хэрэгтэй байна. Их Британид хүн амынх нь 20 хувь халдвар авах эрсдэлтэй. Ингэсэн тохиолдолд хэн нь юугаа хийх вэ, яаж ажиллах вэ гэсэн зураглал гаргасан байна. Үүн дээр УОК шуурхай ажиллах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тодорхой төлөвлөгөөгүйгээр болж байгаа үйл явдалд хариу үйлдэл үзүүлээд байвал алдаа гарна, аюул болно.
Зургаадугаарт, Хөрөнгийн зах зээлд уналт болж, дэлхий даяар эдийн засгийн хямрал болох нь тодорхой байна. Коронавирусийн асуудал олон улсын хэмжээний тахал болчихлоо. Харин манайх сонгуулийнхаа жилд зориулаад сумын төв болгонд соёлын төв барих төсөв баталчихаад сууж байгаа. Гэтэл бидэнд уушги орлуулагч буюу ECMO аппарат нэг ширхэг ч алга. Япончуудын бариад өгсөн хамгийн орчин үеийн эмнэлэг нь урсгал зардалгүй болоод үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. Тиймээс төсвөө тодотгох арга хэмжээгээ аваад өвчлөлөөс сэргийлэхэд анхаарна уу.
Мөн тэрбээр “Халдвартай франц иргэний ажилладаг компани хариуцлага хүлээх ёстой. Өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн нь үнэн бол биелүүлээгүй учир хуулийн дагуу хариуцлага нэхэх ёстой” гэв.
Эх сурвалж: Ardchilal.mn