“Саалийн үнээ”-г хашсан нэг жил буюу “пүнз”-нд юу болов

“Саалийн үнээ”-г хашсан нэг жил буюу “пүнз”-нд юу болов

Хүний ой санамж асар их багтаамжтайг шинжлэх ухаанаар нотлосон байдаг. Гэхдээ улстөрчдийн онолоор ердөө сарын хугацаан дахь үйл явдлыг санаж байдаг гэдэг. Хүн, сонгогч хоёр тийм зөрүүтэй байдаг уу гэсэн марзан гаргалгаа эндээс харагддаг юм. Аль нь ч байсан мартаж болохгүй зүйл гэж бий. Ялангуяа ард түмний нэр дээр, төрийн мэдэлд байдаг хөрөнгө зоорийг хэн хааш нь хөдөлгөж байгааг сонгогчид мартаж үл болно. Байнга харж, хянаж байх учиртай. Тийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид одоогоос жилийн өмнө болсон нэгэн том үйл явдлыг нэхэн сануулах гэж байна. Тухайн үедээ Монгол даяар дуулиан шуугиан дэгдээж байсан тэрхүү үйл явдлын дүнд, өнөөдрийг хүртэл юу болчихов гэдэг эргэлзээ хардлага ихээхэн төрүүлж байгаа юм. 2019 оны гуравдугаар сарын 6. Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт хуралдаж, тэндээс гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд танилцуулсан. Тэрбээр “...“Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Санхүүгийн материалыг шалгах зорилгоор онцгой дэглэм тогтоож байна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын чуулганд холбогдох мэдээллийг танилцуулна. Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг томилогдсон. Засгийн газрын хуралдааны дараа “Эрдэнэт үйлдвэр” лүү хөдөлнө” гэв. Ингээд үд дунд цагдаа, тагнуулын дарга нарыг дагуулсан, олон хар машины цуваа “Эрдэнэт үйлдвэр”-ийг зорьсон. Сүртэй гэж жигтэйхэн байв. Тэр үйл явдлаас ердөө гурван сарын өмнө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүн Салхитын орд руу тусгай албаны цуваа дагуулж очоод сүрийг бадраачихсан байсан үе. Түүнийг нь дээрх албан тушаалд очоод ердөө нэг сар болж байсан Л.Оюун-Эрдэнэ давтсан юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-т очиж онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрийнхэнд танилцуулсан. “Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, надад тусгай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийг миний бие ахалж ирээд байна. Та бүхэнд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцуулъя. Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал “Эрдэнэт үйлдвэр”-т гарсан маргаантай асуудалтай холбогдуулан зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг надад даалгаж, сар бүр Засгийн газарт тайлагнах болсон. Тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай боллоо. Мөн есөн өрөөг битүүмжлэхээр болж байна” гээд өөрийн гараар зарим хүний өрөөг лацдав. Учир нь түүнийг дагаж явсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат “Засгийн газрын тогтоолоор онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т зарим арга хэмжээ авахыг албан тушаалтнууд зөвшөөрсөн. Үүний хүрээнд компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгсөн. Ингээд үйлдвэрийн захирал тушаал гаргаж, Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хөгжлийн бодлогын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтныг чөлөөлж, ЗГХЭГ-ын дарга өрөөг нь лацадсан байдаг. Ингээд ямар ч байсан зургаан сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” онцгой дэглэм гэдэг “хашаа”-нд орсон юм.

Ноцтой нь Засгийн газрын онцгой дэглэм тогтоох шийдвэр нь хууль бус, Үндсэн хуультай зөрчилдөж, Цэц дээр унах маш том шалтгаан болсон байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд хэн ч тэрхүү шийдвэртэй заргалдаагүй юм. Тодруулах юм бол У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын тэр өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-т БНМАУ-ын Бага хурлын баталсан 1991 оны хуулиар Онцгой дэглэм тогтоосон явдал. 1991 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газарт эрх олгох тухай “Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Бага хурлаас тогтоох нь” гэж байгаад “…Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай”, “…Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр доор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэсэн хуулийг хэрэглэж “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоочихсон. 

Үнэн хэрэгтээ уг хууль цаг хугацааны эрхээр 1991 онд мэндэлсэн байдаг юм. Тэр үед манайх ямар байлаа даа. Картын бараа, дэлгүүрийн хоосон лангуу гээд өнөөдөр ул болсон хүнд цаг хугацааг бид туулаад гарсан. Яг тэр үед л хэрэглэхээр бэлдсэн, зориулсан хууль бол энэ юм. Өөрөөр хэлбэл, 1991 он гэдэг манай улс нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжих гээд эдийн засгийн хувьд ийм хууль гаргахаас өөр аргагүй байсан нь тодорхой. Гол нь энэ үйл явдлыг XX зууны хамгийн хүнд үеүдийн нэг циклийг өнгөрөөхийн тулд БНМАУ-ын Бага хурлаас баталсан хуулиар XXI зууны ардчилсан Монгол Улсад нийгэмчлэл явуулсан гэж хэлж болно. Ингэж “дээр үе”-ийн, хууль бус аргаар онцгой дэглэм гээчийг тогтоож “Эрдэнэт үйлдвэр”-ийг хашиж авах санааг хэн гаргав гэдэг анхаарал татна. Баттай мэдээллээр уг үйл явдлын өмнөхөн “Чингис” зочид буудалд болсон нэгэн уулзалтын үеэр Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд ЗГХЭГ-ын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэд шивнэсэн байгаа юм. 

Мэдээж хэрэг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайддаа дамжуулж, ингээд Монголдоо дөнгөж ирээд байсан “Эрдэнэт үйлдвэр” хашаа бус пүнзэнд цоожлуулсан хэрэг. Үүнээс хойш удалгүй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болгож өөрчилсөн. Ийм гоё санаа хэлж өгсөн Сү.Батболд хариуд нь “Эрдэнэт үйлдвэр”-т хүнээ байршуулсан байдаг. Монголын топ бизнесмен Сү.Батболд шүү дээ, тэр хүн чинь. Ингээд өөрийн хүн болох Г.Тэнгэрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга болгов. Г.Тэнгэр нь Сү.Батболдын Засгийн газрын үед Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан. 2016 онд МАН ялсны дараа Японд Элчин сайдаар явна гэж баахан гүйгээд Ерөнхийлөгчийн “хаалт”-аар унасан. Сүүлдээ Австралид Элчин сайд болохоор зүтгэсэн ч бүтэлгүй болж, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нь аргагүйн эрхэнд 2019 оны нэгдүгээр сарын 14-ний хурлаар буцааж татах шийдвэр гаргасан. Удалгүй тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-т очсон нь ийм учиртай. Хугацааны хувьд “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэмийн гэх зургаан сар нь 2019 оны есдүгээр сарын 5-нд дуусаж, үүнээс долоо хоногийн дараа уг дэглэмийг дахин сунгав.

2019 оны есдүгээр сарын 13-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгасан. Ингээд онцгой дэглэм дахин үргэлжилж “Эрдэнэт үйлдвэр” хэмээх Монголын саалийн үнээг “пүнз”-нд оруулж авсан юм.

Энэ хооронд ил, далд юу болов гэдэг асуулт яалт ч үгүй гарна. Анхаарал татаж, эргэлзээ төрүүлсэн олон мэдээлэл бий. Манай Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл урьд өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөндөж тавьсан асуудлыг энд дурдахгүй. Мэдээж хэрэг, тэдгээр асуудал “Саалийн үнээг пүнзэнд хийж байгаад” хийсэн хэрэг гэж ойлгогддог. Энэ нэг жилийн хугацаанд болсон хэд хэдэн ноцтой асуудал байна.

Америкийн “Ocean partners” компаниар зуучлуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Жаст”-ын Ш.Батхүүгийн барьцаанд тавьсан асуудлыг 40 сая ам.доллароор цайруулсан гэдэг бол маш эргэлзээтэй. 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гэнэт сэтгүүлчдийг цуглуулаад “Жаст”-ын гэгдэх Ш.Батхүүгийн өрийг дарсан талаараа мэдээлэл хийв. Тэгэхдээ “... “Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009-2010 онд “Стандарт” банктай зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл удаа дараа нэмсээр 160.1 сая ам.доллар авсан. Зээлээ хугацаандаа төлөөгүй тул Лондоны арбитрт хандсан байдаг. “Стандарт” банкнаас 86.95 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн. Манайх энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны есдүгээр сарын 20-ны хуралдааны шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн хэмжээгээ багасган 51 сая ам.доллар болгосон. Бид мөн эсэргүүцэн, Дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Ингэхэд эхлээд нэхэмжилж буй 51 сая ам.долларыг төлсний дараа дээд шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой гэсэн. Харин тухайн үед бидэнд тэр хэмжээний мөнгийг төлөх боломж байгаагүй. Мөн үүнтэй зэрэгцэн “Стандарт” банкнаас Английн дээд шүүхэд энэ мөнгийг яаралтай төлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэж хандсан байсан. 

Гэтэл Английн дээд шүүх 2018 оны долдугаар сарын 6-нд хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийг гаргахгүй байх, Арбитрийн шүүхээр тогтоосон 41.22 сая ам.доллар, хэрэг шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг даруй компанийн дансанд байршуулах, эсвэл нэгдүгээр зэргийн банкинд баталгаа гаргах шийдвэр гаргасан. Нэгэнт энэ бол эцсийн шийдвэр тул үүнийг биелүүлэхгүй байх ямар ч эрхгүй болсон. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар 2018 оны наймдугаар сард ажлын хэсэг байгуулсан. “Стандарт” банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах, гадна талд байгаа манай хөрөнгүүдийг хураах эрсдэл байсан тул төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс эхний ээлжид гадна талд байгаа өр төлбөрөө төлөөд, дараа нь дотооддоо асуудлаа шийдэх буюу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцъё гэжээ. Өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг ямар нэг хүүгүйгээр нэн яаралтай төлөх тохиролцоонд хүрч, энэ мөнгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас гаргаж “Стандарт” банк руу шилжүүлсэн” гэлээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “... Эрдэнэт үйлдвэр” шиг өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагад Эрсдэлийн сан байх ёстой учраас бид ном журмынх нь дагуу байгуулсан. 

“Эрдэнэт үйлдвэр” болон Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо. Үүнээс болж “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр доголдохгүй” гэв. Мөн тэрбээр “Зуучлагчаар ажилласны хөлсөнд “Ocean partners” компанид нэг ч төгрөг, ам.доллар төлөөгүй” гэж мэдэгдсэн нь бас л анхаарал татдаг. Гэхдээ “Зэсийн баяжмалаар төлбөрийг нь төлж байгаа юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Бид сая 40 сая ам.долларын өрийг төлсөн. Дүрэм, журмынхаа дагуу явж буй ажил. Үйл явц удаан байна. Миний хувьд том эрх ашгаа бодож ажиллана. Зохих журмынх нь дагуу ажиллах ёстой. Аливаа гэрээ, хэлцэл цаг хугацаатай. Хэлцэл хийж буй талууд бие, биенийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Гадаад харилцаа, өр төлбөртэй холбоотой асуудлуудыг нэг цонхоор зөв явуулж байж бид хожно” гэсэн нь сонирхол татахгүй гэж үү. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” дээрх компанитай зэсийг хямдаар нийлүүлж, мөнгө угаах нууц гэрээ хийсэн байх магадлал маш өндөр байгаа юм. Ийм хардлага нэлээд өндрөө аваад байна. Тэгэхээр “Ocean partners” гэж ямар компани байв гээд судлаад үзье л дээ. Монголчуудын хувьд, ялангуяа “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд “Ocean partners” бол хуучин танил юм. “Ocean partners” бол АНУ-ын компани байснаа хожим нь Английнх болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани.

Тоймч У.Оргилмаагийн бичиж байснаар “Эрдэнэт үйлдвэр” өөртөө ямар ч хэрэгцээгүй байхад 2006 оны гуравдугаар сарын 23-нд 15 сая, мөн өдөр дахиад 15 сая гээд нийт 30 сая ам.долларыг өөрөө зээлээд 2006 оны тавдугаар сарын 26-ны өдөр, 2006 оны есдүгээр сарын 29-ний өдөр Зээл шилжүүлэн ашиглуулах тухай гэдэг хоёр гэрээ байгуулж өөрөө нэг ч цент авахгүйгээр “Жаст” группт шилжүүлсэн байдаг. Тэр мөнгөн дүнг өөрийн худалдааны трейдер гээд байгаа “Ocean partners” компанийн зэсийн баяжмалын орлогоор төлж барагдуулжээ. Тэр мөнгөө 2008 он хүртэлх хугацаатай “Жаст”-ын Ш.Батхүүгээс авч байсан ган бөмбөлөг, бэлдэц, нефтийн бүтээгдэхүүнээр бартер хийж төлж барагдуулсан байна. “Ocean partners” компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг н.Мөнхбаяр гэдэг монгол хүний нэр дуулддаг.

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-тэй зэсийн баяжмалын гэрээ хийх, худалдан авахад нь Увс бүлэглэлийнхэн хэмээх хүмүүс дэмждэг гэдэг. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК худалдаж авсны дараахан “Эрдэнэтийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж нэр бүхий нэгэн сайд хэлсэн нь ийм учиртай юм. Нөгөөтээгүүр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сан гэдэг нь 2016 онд байгуулсан, тус үйлдвэрийн цэвэр ашгаас уг өртэй холбоотой эрсдэлийг тооцоолж байгуулсан. Энэ сангийн хуримтлал нь нууц, зарцуулалт нь мөн адилхан. Ер нь энэ өрийг төлсөн асуудлаар УИХ-ын гишүүд ч эргэлзэж байгаагаа нуудаггүй. Эрхэм гишүүдийн дунд “... “Стандарт” банкнаас авсан зээл Арбитрын шүүхэд ялагдсан 100 гаруй сая ам.доллар төлөх боллоо гэж ярьж байна. Энэ чинь 250 орчим тэрбум төгрөг. Ш.Батхүүд учирсан хохирол. Тэгвэл Ш.Батхүүд учирсан хохирлыг тооцохоор нэг их наяд төгрөг болдог. Энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагууд ч солигдлоо. ХЗДХ-ийн сайдтай он удаан жилийн найз нөхөд ч юм уу, байраа түрээслүүлдэг найз ч юм уу “Алтжин бөмбөгөр”-ийн захирал Г.Алтан энэ хэрэгт холбогдох нь байтугай Төрийн банкнаас авлагатай гэж яриад байгаа. 

Эцсийн бүлэгт “Ш.Батхүү хамгийн том хохирогч байжээ” гэж тайлбарлаад муу нэртэй “49 хувийнхны” олсон ашиг, хэмнэсэн хэмнэлтээс байдал бүр бишдсэний дараа байгуулсан “Эрсдэлийн сан” гэгчээс Засгийн газрын шийдвэрээр Ш.Батхүү түүний цаадах том дээрэмчдийн өрийг дараад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага төрж байна. ... “Ocean partners” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг худалдаж авдаг хамгийн том худалдан авагч байсан. Энэ компани нийтдээ 2.3 сая тонн зэсийн баяжмал “Эрдэнэт үйлдвэр”-ээс авсан. 1998 оноос өнөөдрийг хүртэл шүү дээ. 2.3 сая тонн зэсийн баяжмалын төлбөр нь 3.2 тэрбум ам.доллар гэсэн үг. Тэгэхээр энэ компани том нөлөөтэй, улстөрчдөд нөлөөлж чадахуйц компани гэдэг нь харагдаж байгаа юм. Сая “Стандарт” банкны өрийг төлөхөөр болоход энэ компани дахиад зуучлагчаар ажилласан. Зээл авахад ч, төлөхөд ч зуучилж байна гэдэг том асуудал байна гэдгийг харуулж байгаа биз. “Стандарт” банктай холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. 120 сая ам.доллар манайхаас авах нь тодорхой байхад яагаад энэ мөнгөнөөсөө татгалзаж, 40 сая ам.доллар аваад салж байна вэ. Ямар ч эрүүл компани, банк ингэж ажиллахгүй” гэж ярьцгааж байгаа юм.

Хамгийн гол нь “Ocean partners” компани зээл авахад зуучилсан мөртлөө төлөхөд бас оролцсон.

Мөн үүнтэй зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад дахь данснаас 20 сая ам.доллар сураггүй болсон байна. Үүнээс гадна Х.Бадамсүрэн 2016 оны сүүлчээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдчихоод “Бизнес хөгжиж байгаа газарт өр авлага, өглөг байдаг. Зээл авдаг, түүнийгээ эргэн төлдөг зарчим үйлчилдэг. Үйлдвэрийн хувьд Казахстаны “Балхашмыс”-т 9.8 мянган тонн зэсийн баяжмал өгснөөс үүдсэн 10 сая ам.долларын авлагын асуудал байгууллагын балансыг эхнээс нь зөрүүтэй гарахад нөлөөлсөн. Бид энэ өрийг барагдуулах талаар нэлээд хөөцөлдсөн. Казахстаны тал 10 сая ам.доллар өгнө гэж байгаа ч өгөх төлөв нь сайн харагдахгүй байгаа” гэж байв. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” нь Казахстаны “Балхашмыс”-ээс 10 биш 48 сая ам.доллар авах ёстой юм байна. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын оролцсон хэлцлийн дүнд мөн л 20 сая ам.доллар нь “тэглэгдсэн” гэх мэдээлэл байна. Ийм эргэлзээтэй зүйлүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийг онцгой дэглэм хэмээх хашаанд оруулснаас хойш болсон байна.

Өнөөдөр тэд их наяд давсан ашиг оллоо гэж PR-даад л байна. Яг үнэнийг нь хайвал энэ үйлдвэр хувийн хэвшилд буюу Монголын талд 100 хувь ирснээсээ хойш ашигтай ажилласан байдаг. Хяналт нь чангарч, зарим нэр нөлөөтэй хүмүүсийн “цамцыг урагдтал” бухимдуулж байсан даа. Тухайлбал, “Монголын зэс корпорац”-ийнхан 49 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлсэн хугацаанд 2016 онд дөрөв, 2017 онд 21.3, 2018 онд 25.1 тэрбум төгрөгийг худалдан авалтаасаа хэмнэсэн.

Маш товчоор, ганц нэгхэн жишээгээр “саалийн үнээ”-г хашсан нэг жил буюу “пүнз”-нд юу болсон талаар хэлэхэд ийм байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ