Төрийн мөнгө уйлдаггүй буюу Говь-Алтай аймгийн засаг дарга асан О.Амгаланбаатарын тансаглал
Өнөөдөр Говь-Алтай аймгийн сурагчид англи хэлэндээ төгсөрч, гадаадын их дээд сургуулийн шалгалтанд толгой өвдөхгүй болчих байжээ. Байжээ гэх шалтгаан нь 2014 онд Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын захирамжаар Англи хэлийн Алтайдаа гэх төсөл хэрэгжсэн байдаг. Гэвч энэхүү төсөл нь үнэхээр англи хэлийг Алтайдаа сургах бус харин хэн нэгний халаасыг зузаатгаж, хувь хүнийг орлогожуулахад чиглэчихсэн гэдэг нь өнөөдөр тодорхой болж баайна.
Учир нь энэхүү төсөл нь хоёрхон удаа сурагчдыг сургах төдийхөн хэлбэрээр хэрэгжсэн дүр эсгэж, харин төрийн их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулсан нэг жишээ болон үлдсэн байх юм. Хэдэн зуун мянган төгрөгөөс эхлээд хэдэн зуун сая төгрөг хүртэл мөнгийг англи хэлийг Алтайдаа сургах бус ашиг хонжоо хайх хэлбэрээр зарцуулчихсан нь өнөөдөр баримт болон үлдчихжээ.
Англи хэлийг Алтайдаа сурах хөтөлбөр нь гэнэт л хэрэгжихээр болж, тухайн үеийн Говь-алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар тушаал захирамж гаргаж эхэлсэн байдаг.
2014 оны 5 дугаар сарын 21 өдөр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар эрх шилжүүлэх тухай А/246 тоот захирамж гаргаж байжээ.Энэхүү захирамжийн гол агуулга нь Англи хэлийг Алтайдаа сурах тухай юм. Нийт төсөв нь 300,000,000 төгрөг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг аймгийн боловсролын газарт хариуцуулсан байдаг.
Хамгийн гол нь гурван зуун сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг хөтөлбөр нь хэрхэн хэрэгжих, хэдэн төгрөгийн зардал нь хаашаа зарцуулагдах нь тун бүрхэг байдалтайгаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байх юм.
Захирамж гаргаж, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нэр зүүлгээд улсын мөнгө уйлдаггүй учраас гарынхаа салаагаар гоожуулж эхэлсэн байх юм. Тухайлбал үйлдвэрлэлийн зардал гэж бичээд л 150 гаруй сая төгрөгийг зарцуулчихсан байх жишээтэй. Чухам англи хэл сургахад ямар үйлдвэрлэл явуулж, яаж зарцуулсан нь ойлгомжгүй байх жишээтэй.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад нэг хачирхалтай зүйл болсон нь хөтөлбөрийн хүрээнд гадаадад сурагчдыг сургах нэрийдлээр мөнгийг жинхэнэ утгаар нь үрэн таран хийсэн байх юм. Авсртали, Америкт багш, сурагчийг явуулах нэрээр Англи хэлтэй нэг төвтэй гэрээ байгуулсан ч хувь хүний дансанд мөнгийг шилжүүлэх замаар төрийг мөнгөөр тоглочихжээ.
Хөтөлбөр хэрэгжих, санхүүжилт нь орон нутгийн төсвөөс гарахдаа Моломжамц овогтой Марта гэх бүсгүйн хувь дансанд шилжсэн байдаг нь гайхалтай юм. Тухайлбал 2014 оны 8 дугаар сарын 6 өдөр Говь-Алтай аймгийн боловсролын газрын данснаас иргэн М.Мартагийн хувийн дансанд гучин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга наян төгрөг шилжээ. Харин М.Марта гэгчтэй 2014 оны 8 дугаар сарын 11 өдөр гэрээ байгуулсан байдаг. Мөнгөө эхэлж шилжүүлээд дараа нь гэрээ байгуулсан байгаа юм. Эндээс л харахад төрийн мөнгө уйлахгүй учраас хурган дарга нар хувьдаа завшчихсан юм биш биз дээ гэх эргэлзээг төрүүлж байна.
Үүний зэрэгцээ Англи хэлийг Алтайдаа сурах хөтөлбөрийн хүрээнд 186,208,000 төгрөгийг зарцуулжээ. Чухам үнэхээр зориулалтаар зарцуулсан уу үгүй юу гэдэг нь тун эргэлзээтэй байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд англи хэл сураад үлдчихсэн сурагч алга. Алтайдаа англи хэл заагаад гялалзуулчих багш алга. Харин хэдхэн хүн 300 сая төгрөгөөр тоглож, төрийн мөнгөнөөс хумсалж, халаасаа түнтийлгээд л үлдсэн бололтой байна.