Залуу гишүүн 41 хоног, аймаг дүүргийн дарга нар 2-6 хоног гадаадад аялаад иржээ

Залуу гишүүн 41 хоног, аймаг дүүргийн дарга нар 2-6 хоног гадаадад аялаад иржээ

2016 оны ээлжит сонгуулийн дараанаас шинэ төр засаг бүрэлдэн бий болсон. Тэд ажлаа аваад 6 сарын л нүүр үзэж байна. Энэ хугацаанд гадагшаа хилийн дээс алхаагүй аймаг орон нутгийн дарга нар үлдээгүй. Мөн УИХ-ын шинэхэн гишүүд ч ямар нэгэн байдлаар гадагшаа хилийн дээс алхаж төсвийн мөнгөнөөс үрэлцээд иржээ. Албан томилолт өвөртөлж ар Монголын сэрүүнээс зугтан Гадаадад очиж галуу, шувууны мах идэж явсан нь өнөөдөр ил болж эхэлж байна. Зарим ч өөрийнхөө явсан, идсэн бүхнийг ил ярьж цэцэрхэж суугаа.

Тухайлбал УИХ-ын хамгийн залуу гишүүн Гантулга л гэхэд гадаадад томилолтоор 41 хоног ажилласан гэдгээ сайрхан ярьсан нь өнөөдөр хэвлэлийн хуудсанд үлджээ. Д.Гантулга гишүүний хувьд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “ Гадаад томилолтоор найман улсад 41 хоног ажилласан. Тэгэхээр өнгөрсөн хагас жилд багагүй ажил амжуулсан он цаг байсан байх гэж бодож байна. “ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гадаадад ажиллана гэдэг өнөөдрийн эрх баригч МАН-ын дарга нарын хувьд маш том ажил бололтой. УИХ-ын гишүүдээс гадна аймаг, орон нутгийн дарга  нар ч зогсоо зайгүй гадаадад томилолтоор ажиллаж байжээ.

Тухайлбал Архангай аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт томоохон албан тушаалтангууд БНХАУ-д хоёр ч удаа томилолтоор ажилласан байна. Баян-Өлгий аймгийн удирдлага ч мөн л БНХАУ-ыг зорьж ажил амжуулсан мэдээлэл зурайж байх жишээтэй. Үүнийг ч УИХ-ын дарга М.Энхболд онцолж байна.

 

Баянхонгор, Говь-Алтай, Дахан, Улаанбаатар хотын удирдлага тус бүрдээ гадаадад томилолтоор ажилласан байна. Харин тэдний зарцуулсан мөнгө үржиж орж ирсэн тухай мэдээлэл алга. УИХ дарга М.Энхболд ч тэр, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч гэсэн гадаадад дарга нар томилолтоор ажиллаж болно. Гагцхүү ажилласан мөнгөө үржүүлэх хэмжээнд үр дүнтэй яваарай. Очсон газраасаа хөрөнгө оруулалт тат. Түүнээс дарга царайлж хэдэн өдөр зугаалж идэж уучихаад ир гэж огт хэлээгүй. Гэтэл үүнийг нь үгүйсгэх мэт үйлдлийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулж 21 аймгийн удирдлага Солонгос улсад очиж хэд хоног дайлуулж цайлуулчихаад ирсэн билээ.

Ийнхүү төрийн томчууд нь гадаадад томилолтоо багасга, Үргүй зардлаа тана гээд байнга тоть ч шиг давтаж байгаа ч хэрэгжүүлдэг нь тун цөөхөн бололтой. Харин ч тэд ярьж л байдаг юм. Тэднийг сонсдог нь цөөхөн гэсэн хандлагаар хандаж байгаа бололтой. Гадаад томилолт буурахгүй улам л өсч нэмэгдээд байгааг санхүүг нь атгаж байгаа хэдэн мэргэжилтэн нь үгээ хэлж, үсээ зулгааж сууна.