Кекүшүзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нар 1999 оноос барилгын салбарт ганзага нийлж, дөрөө харшуулжээ. “Хөрш заанууд” нэртэй компани байгуулж но-той үйлдлийнхээ гарааг ийн эхэлж.
Но-той гэхийн учир тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 1 сая м/кв барилга барьсан гэх ч үнэндээ бол тэдний тарьсан балаг нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ.
Зайсанг дүүргэж, Туулын хөвөөг эзэлсэнзаанууд ханаж цадахыг үл мэдэн Яармагийн дэнж, Арцатын ам руу уулгалан дайрч байгаа нь бодит үнэн.
“Хөрш заанууд” ХХК сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд л 1.106.700 м.кв талбайн бүтээн байгуулалтыг хийсэн гэх. Бүтээн байгуулалт нэртэй ч “бүтэлгүй муу мөртэй” энэ ажлынх нь золиосонд гол төлөв Богд хан уулын тусгай хамгаалалттай газрууд өртсөн байх юм.
Хамгийн хачирхалтай нь тэдний энэ “гавьяа”-г үнэлж Кёкүшюзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарт Нийслэлийн ойн медалийг МҮХАҮТ- аас гардуулсан.
Шагнал гардах үеэрээ Ч.Батзориг заан хэлсэн үгэндээ “...Хийх хүнд арга их олон байдаг. Хийхгүй хүнд шалтаг их олон байдаг" гэдэгтэй адил хийж бүтээе гэсэн хүн юуг ч бүтээдэг...” гэжээ. Үнэхээр мөнгө хийх хүнд, бас олсон мөнгөө татвараас нуух хүнд арга олон байдаг бололтой дог.
За дүүрч хууль журам зөрчиж байгаад бүтээн байгуулалт нэртэй ийм хуудуутай бизнес хийсэн байг гэхэд улсад хэдий хэмжээний татвөр төлөв өө гэдэг асуулт гарч ирж байна.
Татварын но-той асуудлаасаа болж Кёкүшюүзан Д.Батбаяр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээ саяхнаас чих дэлсэх болсон. Үүний хажуугаар хамаарал бүхий хүмүүс буюу төрсөн дүү Д.Аззаяагийн компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан гэх хэрэг нь ч сөхөгджээ.
Ийнхүү Богд уулыг тойруулан их хэмжээний газар авч хөлжсөн хөрш заануудын мөрөөр замнагсад өнөөдөр тоогоо алдсан.
Сүүлийн 20 орчим жил Богдхан уулын ам бүрт аялал жуулчлал нэрээр газар авч барилга барьж ашиг олдог үзэгдэлгаарсан.
Үндсэн Хуулийн Цэц хүртэл Зайсангийн аманд төвхнөж, башир нөхдүүдийн барьцах барьцаа болоод удаж байна.
Өнөөдөр Богд уулын том, жижиг нийлсэн 34 амны 30 нь хэдийнэ барилгажиж, Яармагийн дэнж, Нүхтийн ам, Жаргалантын ам, Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Төр хурахын ам, Залаат, Арцат, Бумбат, Бугын сангийн аж ахуй, Өвөр Зайсан, Өвгөний ам гэх газрууд аль хэзээнээс суурьшлын бүс болжээ.
Эхний үед Богд ууланд зөвхөн боломжийн амьдралтай хүмүүс л төвхнөж байсан бол одоо нэлдээ барилгажиж суурьшлын бүс болчихоод байна.
Бүр 2000 оноос л Богдхан ууланд газрын наймаа цэцэглэж эхэлсэн.
Улсын мөрдөн байцаах газраас 2006 онд, тухайн үед Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Д.Түмэнхүүг авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн, Эрүүгийн хуулийн 268-д зааснаар хэрэг үүсгэсэн байдаг ч тэр хэрэг замхран алга болсон.
Одоо нэгэнт орон сууцны хотхон, хороолол сүндэрлэчихсэн газрыг тусгай хамгаалалтаас гаргахаас өөр гарц үлдсэнгүй.
Хотын даргын ахын “Зүүнбаян рефайнер” компани, Содмонголын Ц.Анандбазарын компани. Номин констракшн, “Хөрш заанууд” , “Аса групп”, аварга А.Сүхбат, Харүмафүжи Д.Бямбадорж, Ноёд группын гээд Богд уул тойрсон барилгажилтын жагсаалт цаашаа тасрахгүй хөвөрнө.
Яармагийн дэнж, Нүхтийн ам одоо хэдийнээ олон мянган айл өрх суурьшсан шинэ хотын төв болсон учраас түүнийг буцаах тухай ярих нь өнөөдөр илүүц биз.
У.Барсболд, Г.Шийлэгдамба, И.Эрдэнэбаатар, Л.Гансүх, Ц.Оюунгэрэл, Н.Батцэрэг, С.Оюун, Д.Цогтбаатар, Д.Оюунхорол гээд үе үеийн Байгаль орчны сайдуудын үед олгогдсон элдэв зөвшөөрлүүдийн үр дүнд Богд уул ийнхүү барилгад баглагдаж, төвлөрөлд түгжигдсэн.
Одоо албан бусаар суурьшлын бүс болчихоод байгаа газруудад баригдсан энэ олон барилгыг нураахаас нэгэнт өнгөрсөн. Иргэд мөнгөөрөө худалдан авсан хувийн өмчийг нь хурааж буулгана гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
Өнөөдөр Богдхан ууланд Үндсэн хуулийн цэц, ХААИС, эмнэлгүүд, дээр нь хорих газар хүртэл бий. Бас уугуул, суугуул иргэд хэдэн мянгаараа амьдарч буй.
Туул гол дагуу гэхэд л 70 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүний долоо нь объекттой.
Байгаль орчны сайд Н.Цэрэнбат “Богдхан ууланд байгаа бүх байшин барилгыг нурааж, онгон дагшин болгож чадахгүй” гэдгээ ч хэлсэн. Тэрээр “... Нуугаад яах вэ, би дийлэхгүй. ...Нэгэнт суурьшил болчихсон 6000 га талбайг тусгай хамгаалалттай газрын хилийн цэсээс гаргаад, нийслэлд өгье гэсэн байр суурийг БОАЖЯ барьж буй” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгэхээр одоо харин “ХӨРШ ЗААН”-ууд шиг шунахай нөхдөд дархан цаазтай газар дахин сөөм ч газар өгч болохгүй гэдгийг төр түмэнгүй ойлгох цаг болсон.
Нэгэнт олгогдсон газар өнгөрч гээд бодъё..Үлдсэн онгон дагшин газрыг л хамгаалсан шиг хамгаалж, дархалсан шиг дархлахгүй бол Богд уул дуусах нь байна.
Сая сая квадратаар нь барилга барьж, тэрбум тэрбумаар нь мөнгө олж баяжсан тэнтгэр бөхчүүдээс төр хүчээ үзүүлж авах ёстой татвараа хуу хамах цаг болжээ.