Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрдэггүй. Харин танил тал, холбоо сүлбээтэй, улс төрчдийн халаасны компаниудад очиж дуусдаг гэдэг нь 2018 онд илүү тодорхой болсон билээ.
Одоогийн парламентийн гишүүдийн бараг л 50 улс төрч нь ЖДҮ-ийн зээл туучихсан гэх гуншинтай болоод байгаа. Нэг хэсэг нь би мэдээгүй байхад миний хамаарал бүхий компани ЖДҮ авчихаж гэж уулга алдсан байхад нөгөө хэсэг нь ажил хийж байгаа хүн авч болно хэмээн том дуугарсан удаатай. Хэн ч гэсэн жилийн 3 хувийн хүүтэй, эхний жил хүүгээс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээс тэрбум тэрбумаар авчих юм бол ЖДҮ бүү хэл жинхэнэ том үйлдвэрлэл хийчихэж дөнгөнө.
Өөрсдөө ухаантайдаа, эсвэл шинэ зүйл нэвтрүүлчих юм шиг төрийн мөнгөөр гадаадаас мах сүүний чиглэлийн мал авчирчихаад их зүйл хийж байгаа мэтээр элдэв пиар хийдэг улс төрч хүртэл байна. Тэр улс төрч ЖДҮ хийж байгаа гэж өөрийгөө өмгөөлөх шинжтэй. Хэрэв захын залууд тэр боломж олдсон бол бас л хийчих байсан.
ЖДҮ-ийн зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх 2 улс төрчийн хэрэг удахгүй шүүхэд шилжих гэж байна. Үүнээс гадан ЖДҮ-ийн зээлийг албан тушаалын давуу байдлаа ашиглан өгсөн гэх сайд асан Б.Батзоригийн хэрэг ч мөн л шүүхээр шийдэгдэнэ.
2018 онд өрнөсөн ЖДҮ-ийн хэргээс гадна 2014-2016 онд гарын салаагаар урсгачихсан мэт ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөлт, зарцуулалтын тайланг дахиад нэг дэлгэх хэрэгтэй байна даа.
Тухайлбал Ховд аймагт арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн АН-ын улс төрч Ш.Адьшаагийн “Ховд хаан бирж” ХХК 6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Энэхүү зээл эргэн төлөгдсөн эсэх нь тодорхой бус. Үйлдвэр нь байгуулагдсан гэх мэдээлэл дуулдаагүйг бодоход элсэнд ууссан ус мэт алга болчихсон юм биш биз дээ.
2015 онд Аж үйлдвэрийн яамнаас ЖДҮ-ийн зээлийг шалгахад зээлээ зориулалтын бусаар ашигласан 22 төсөл байсан байдаг. Тэд банк бусаар мөнгөө оруулж хүүлсэн, караоке байгуулаад ажилуулж байсан зэрэг санаанд оромгүй асуудал үүсч байсан юм билээ.