Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шүүх рүү шилжүүлжээ. Эдгээр хэргүүдээс тоймлон хүргэж байна.
С.БАЯР НАРЫН ДОЛООН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Прокурорын байгууллагаас Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, энэ сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Монгол улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг эргэн сануулахад Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрөөд байна. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгасан байдаг.
М.ЭНХСАЙХАНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байсан.
Тэгвэл прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харъяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар авто машин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Б.МАХБАЛЫН ХЭРЭГ НАЙМАН УДАА ХОЙШИЛЖЭЭ
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр товлоод байгаа.
Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн юм. 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт найман удаа хойшилж байсан.
Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД БОЛНО
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг энэ сарын 17-ны 10:00 цагт товлосон ч ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Учир нь Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.
ОДОО НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ДООРХ ХЭРГҮҮД ХЯНАГДАЖ БАЙГАА
- "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
- Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
- "Жаст" компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд тус, тус хянагдаж байна.
эх сурвалж: medee.mn