Монголд 3413 иргэн тусгаарлаж хяналт тавьснаас 1300 орчим нь гарчээ

Монголд 3413 иргэн тусгаарлаж хяналт тавьснаас 1300 орчим нь гарчээ

Шинэ төрлийн коронавирус БНХАУ-д гарч, онц байдал зарлахтай зэрэгцэн Монгол улс тодорхой арга хэмжээг авч эхэлсэн. Нэн тэргүүнд сэжигтэй иргэдийг тусгаарлаж эхэлсэн билээ. Монгол улсын хувьд энэ ажил 2020 оны 1 дүгээр сарын 9 өдрөөс эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Яг одоо Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу сэжигтэй тохиолдлыг тусгаарлах байранд 2083 иргэн байрлаж байна. 1300 орчим иргэн 14 хоногийн тусгаарлалт дуусч, гэртээ гарсан гэсэн үг. Гэртээ гарсан иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлах үүргийг хүлээгээд байгаа юм байна. Тэдгээр иргэд Улсын онцгой комиссын гаргасан заавар, зөвлөмжийн дагуу 14 хоног дахин өөрийгөө тусгаарлах ёстой. Энэхүү зохицуулалтыг хийж өгсөн гэв. 
Хамгийн сүүлд Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн нэмж тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт  эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан байна. Эмнэлгийг ажилчид гэртээ харихгүй 14 хоног тусгаарлагдсан хүмүүстэй цуг байгаа гэдгийг эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байгаа юм. Эдгээр ажилчид мөн 14 хоногийн ээлжийнхээ дараа гэртээ бас 14 хоног өөрийгөө ажиглах үүрэг хүлээж байна. 
Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн эхний давалгаа яваад дууссан гэж Дэлхий эрүүл мэндийн байгууллага үзэж байна. Уг давалгаа нь БНХА болон азийн зарим улсад хамаарч байна. Харин одоо хоёр дахь давалгаа нь өрнөж байна. Энэхүү давалгаа нь Европ болон Америк тивд өрнөж байна. Хоёр дахь давлагааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яам ханган ажиллаж байгаа гэнэ.
Тухайлбал  Эмнэлгийн орны тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Бэлтгэх орны  5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийжээ.  Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулах юм байна. Үүнээс гадна шинэ төрлийн коронавирустэй нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргасан байна.
Үүнээс гадна хэрэгжүүлж байгаа нэг алхам бол гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч эхэлжээ. Цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж гэртээ гарсан иргэдэд тавих хяналтыг анхаарч байгаа юм байна.