МОНГОЛД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН 2 ХҮН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

МОНГОЛД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН 2 ХҮН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

Коронавирусын халдвар авч эмчилгээ хийлгэж байсан 2 иргэн бүрэн эдгэрсэн мэдээллийг өнөөдөр халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өглөө. Одоо 10 хүн тус өвчний улмаас халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

 Монгол улсад корона вирусын халдвараар 12 хүн өвчилсөн. Бүгд монголд бус зорчсон улсаасаа халдвар авч ирсэн билээ. Тэднээс эхний 2 өвчтөн нь ийнхүү бүрэн эдгэрчээ. 5 удаагийн давтан шинжилгээний үр дүнд эдгэрсэн болохыг тогтоосон гэлээ.

Халдвар авсан 12 хүнээс гадна тусгаарлалтанд 2368 хүн байна. Эдгээр хүмүүсийг 21 хоног ажиглахаар болсон билээ. Тусгаарлалтанд байгаа иргэдийн хувьд бүгд гадаадад зорчоод ирсэн иргэд юм.

Монгол улсын хувьд халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй. Харин гадаад орчинд халдварын тархалт маш өндөр үзүүлэлттэй хэвээрээ байна. Тэр дундаа АНУ-ын хувьд халдвар авсан хүмүүсийн тоо секунтээр нэмэгдэж байна. Өнгөрсөн шөнө гэхэд 18,2 мянгаар нэмэгдэж 141,8 мянган хүн коид 19-ын халдварыг АНУ-д аваад байна.

Коронавирусын халдвар 202 улсад тархсан бөгөөд 721,4мянган хүн өвчлөөд байна. Нас баралт сүүлд 3,1 мянгаар нэмэгдэж 33,9 мянга болжээ. Харин бүрэн эдгэрсэн хүний тоо 151 мянга болсон мэдээ байна. Коронавирусын халдвараар өвчилсөн 100-аас доош тохиолдол бүртгэгдсэн 98 улс байгаа бол 100-мянган хүн өвчилсөн 67 улс. Мянгаас арван мянга өвчилсөн 28, арван мянгаас дээш өвчилсөн 28 улс байна. Монголчуудын хамгийн их зорчдог Өмнөд солонгост 9500 орчим хүн уг халдвараар өвчлөөд байна. Харин Японд 1866, Орост 1534 бүртгэгджээ. Харин БНХАУ-ын хувьд өвчлөлийг тогтоон барьж эхэлсэн бөгөөд 81 мянга дээрээ ерөнхийдөө тогтох шинжтэй байна.