МАН-ын гишүүн, хуульч, доктор Б. Гүнбилэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х. Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд өнөөдөр ханджээ.
Тэрээр өргөдөлдөө "Х.Нямбаатар нь 2018 оны 6 сарын 7-нд Өгөөдэй Ази компанийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гарын гэрээнд оролцож, өөрийн гарын үсгээ зуржээ. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хүн нь иргэдийн итгэлийг авсан байх ёстой. МАН-ын дүрэмд заасныг Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авахад оролцож зөрчиж байсан байна. Намын дүрэмд заасны дагуу ХЕХ Х.Нямбаатарын талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Мөн "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хүрсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж байгаа тул УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвших ёс зүйгүй бөгөөд ёс суртахууны эрхгүй. МАН энэ хүнд улс төрийн дэмжлэг үзүүлбэл МАН-ын дүрмийг зөрчих тул Хяналтын ерөнхий хороонд энэхүү асуудлыг хүргэж байна" гэсэн байна. Тэрээр өргөдөлдөө Жастын Батхүү, FATF-ийн саарал жагсаалт, хөөн хэлэлцэх хугацаа, сэтгүүлчдийг тагнасан гэх асуудал зэргийг дурджээ.
Хуульч Б.Гүнбилэг нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүн юм.
эх сурвалж: time.mn