2020 оны ээлжит сонгуулиуд шил шилээ даран болно. Үүнээс өмнө улс төрийн намууд хүчээ зузаатгаж, толгой улс төрчдөө тэргүүндээ залдаг цаг. Улс төрийн зарчим хүчнүүд үүнд эртнээс бэлтгэж эхэлсэн бол хожуу ч гэсэн бэлтгэлээ базааж байгаа намууд ч байна.
Эрх баригч МАН-ын хувьд шат шатны толгой улс төрчид нь нэр цэвэр, шударга дүр эсгэсэн, хүчтэй харизмтай лидер талын улс төрчид байна. Тухайлбал МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гэх мэт. Харин тэдний гол өрсөлдөгч АН-ын хувьд хэнийг хэнийг өөдөөс тавих вэ гэдэг тун анхаарал татаж байна.
Одоогийн байдлаар АН-ын дарга нь С.Эрдэнэ. Түүнд намынх нь итгэл хүлээлгэж, бүх гишүүдийн дэмжлэгээр сонгогдсон учраас тэр намаа толгойлоод тулаанд орох биз. Харин түүний эргэн тойрны баг нь хүчирхэг, зөв улс төрчдөөр хүрээлэгдэх ёстой.
Нийт хүн амын тал нь шахуу байдаг Улаанбаатар хотын хувьд улс төрийн намуудын хамгийн чухал цэг. Гэтэл Ардчилсан нам 2016 оны сонгуульд Нийслэлийн Ардчилсан намын Ерөнхий менежерээр удирдан ороод ялагдал хүлээлгэсэн Д.Баттулга гэдэг хүнтэйгээ явна. 2012 онд Ардчилсан нам нийслэл Улаанбаатар хотод ялалт байгуулж, нэр төртэй ажилласан гэж өнөөдөр нийслэлчүүд ярьдаг. Харин ялагдлын шалтгаан нь сонгуулийг нь удирдсан менежерүүдэд байсан байж таарна. Гэтэл намаа ялагдуулсан Д.Баттулгад шагнал болгож буй мэт Нийслэлийн Ардчилсан намын даргын албан тушаалыг Э.Бат-Үүлээс авч өгсөн билээ. Угтаа бол шударга зарчмаар Э.Бат-Үүл, Д.Баттулга нар адилхан хариуцлага хүлээж, хэн хэн нь албан тушааалаас мултрах ёстой байв. Гэтэл Д.Баттулга нь дүрмээ зөрчиж, нийслэлийн намын дарга болчихсон. Өнөөдрийг хүртэл ялагдсан менежертэйгээ нийслэлийн АН явж байна. Нэг үгээр хэлбэл өвдөг шороодсон бөх дахин туг тойрч яваа гэсэн үг.
Эрх баригч МАН-ын нийслэлийн удирдлагууд нь залуу, лидерүүд байгаа энэ үед хуучин бурхи болсон Д.Баттулгатай сонгуульд өрсөлдөх юм бол АН ялагдлыг дахин амсах нь гарцаагүй гэж тус намын гишүүд дэмжигчид шаагих болжээ. Иймээс өөрчлөлтийг өнөөдөр л хийх ёстой гэдэг хүсэлт, шахалтыг намынхаа удирдлагад үзүүлж эхэлсэн байна.