Таван толгойн цахилгаан станц барих тухай яриа гарсаар даруй арав гаруй жил болов. Хамгийн сүүлд 2015 онд Таван толгойн цахилгаан станцыг барих хөрөнгө оруулагчийг тодруулах тендер зарлаж, сонгон шалгаруулалт болж байлаа. Тус сонгон шалгаруулалтанд Франц, Япон, БНСУ-ын 4 аж ахуйн нэгж оролцож байсан билээ.
Тухайн үед хөрөнгө оруулагчаар Японы "Маребуни" корпораци шалгарч, Засгийн газартай гэрээ байгуулж байв. Гэвч 2016 оны сонгуулийн дараа энэхүү ажил бүдгэрч, өнөөдрийн хүртэл гацчихсан гэхэд болно.
Харин 2020 оны 4 дүгээр сарын 8 өдрийн Засгийн газрын хуралдаанаас “Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина гэдэг шийдвэр гаргав.
Засгийн газраас гаргаж буй шийдвэр нь “Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна.
Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх болно гэж Засгийн газрын албан мэдээнд дурдсан байна.
Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой төсөл бол яах аргагүй Таван толгойн станцын төсөл юм.
Таван толгойн ордыг түшиглэн байгуулах уг станцын гол хэрэглэгч нь Оюу толгой ХХК байх юм. Тус компани нь ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эрчим хүчээ БНХАУ-аас импортоор авч буй бөгөөд жилдээ дундажаар 200 тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт БНХАУ-д тушаадаг юм. Энэ мөнгийг Монголд үлдээх, туххайн бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах эх үүсвэр нь Таван толгойн станц болно гэж ярьж, бичсээр олон жил болчихлоо.
Одоо гол нь хийх хэрэгтэй. Бэлэн төсөл, ТЭЗҮ нь байгаа уг төслийг ханцуй шамлан орж, заавал хийх нь гол юм. Түүнээс дахиад л нэг шийдвэр, дахиад л нэг төсөл болж, хэдэн цаас үйлдвэрлэсэн болоод дуусч болохгүй юм.