ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эдгэрсэн таван хүн болж байна. Эдгэж гарсан иргэд тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байгаа юм. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авна. Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийлээ. 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ Монгол Улсад коронавирусийн тохиолдол 30 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Москвагаас Улаан-Үдэд ирж, хоёр хоногийн өмнө Монголын хилээр орж ирсэн Москвагийн 30 оюутныг өчигдрийн /2020.04.13/ батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэж үзээд шинжлэхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Биеийн байдал хэвийн байна. Насны хувьд 19-23. Батлагдсан тохиолдлуудын сурч байсан сургуулийн оюутнуудаас өвчлөл бүртгэгдсэн мэдээллийг бид авсан. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх нь чухал байна. Үндсэндээ батлагдсан 30 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 2-3-т нв өвчний шинж тэмдэг илэрсэн, бусдад нь одоогоор шинж тэмдэг нь балархай байна.