НӨАТ-ын урамшуулалын систем хэрэгжээд чамгүй хугацаа өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын урамшууллыг авахаасаа илүү сугалаанд хожих найдлага тээдэг болсон. Иймээс энэ гажуудлыг засч иргэдэд буцаан олгох НӨАТ-ын урамшууллыг 7 хувь болгох санаачлага УИХ-ын зарим гишүүнээс гараад байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Оюундарь иргэдэд олгодог НӨАТ-ын урамшууллыг 7 хувь болгох хуулийг төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг бодохдоо сугалаа явуулж, азанд найдуулж байхын оронд шууд 7% олгочих юм бол иргэд ашиг шимийг нь хүртээд явах боломжтой гэдэг дүгнэлтийг хууль санаачлагч хийжээ. Гэтэл байнгын хороонд оролцосон гишүүд болох Ж.Батзандан, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нар хуулийн төслийг дэмжсэнгүй. Тэдний зүгээс төр НӨАТ нэрээр авсан татвараасаа түмэн олондоо буцаан олгохыг дэмжихгүй байна. Нэг үгээр хэлбэл ард иргэдээс шимшигчилж амьдрах аргаа хэвээр хадгалахыг хүсчээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын татварыг 10 биш 5 болгох санаачлага гаргаад байгаа. Энэхүү хуулийн төслийг ч гишүүд дэмжээгүй юм. НӨАТ-ын хувьд олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлаж, татварт өртэй болгодог. Иймээс НӨАТ-ын хувийг бууруулах нь эдийн засгийн хямралтай үед аж ахуйн нэгжээ дэмжсэн төрийн бодлого болж чадна гэж хууль санаачлагч үзжээ. гэвч гишүүд дэмжсэнгүй ээ.
Ийнхүү төрийн түшээд түмэн олондоо татварын урамшуулал ахиухан өгөхийг хүссэнгүй ээ.