Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд хэд хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцжээ. Тус хуралд оролцсон гол шалтгаан нь улс төрийн шийдвэрээ танилцуулах явдал байсан байна.
Нэгдүгээрт: Ерөнхийлөгч Х.Баттулгын удаа дараа мэдэгдэж, олон нийтийг талцуулаад байгаа Сонгуулийг хойшлуулах эсэх санал дээр улс төрийн шийдвэр гаргаж эрх баригч МАН сонгуулийг хуулийнх нь хугацаанд явуулна гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Үүнийг нь тус намын бүлгийнхэн дэмжээ.
Хоёрдугаарт: У.Хүрэлсүхийн зүгээс 2020 оны сонгуульд баримтлах зарчим буюу ямар болзол хангасан хүнийг намынхаа нэрийн өмнөөс нэр дэвшүүлэх вэ гэдгээ илэрхийлсэн явдал байлаа. У.Хүрэлсүхийн зүгээс нэр цэвэр, элдэв хэл ам, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдоогүй, шударга, төрийн албаны шаталсан зарчимаар дээшээ дэвшиж яваа хүнийг сонгоно гэсэн байна.
Гэтэл МАН-аас Эрдэнэтэд нэр дэвшихээр горилж, намынхаа даргыг тойгдож суугаа хүмүүс дотор өнөөх шалгуурт нь нийцэх нэр алга.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Тэрээр Эрдэнэтийг онилж, нэр дэвшихээр зэхэж байгаа гэх шум гарах болсон. Гэтэл Ц.Нямдорж бол намынх нь даргын тавьж буй болзлынх нь алийг нь ч хангахгүй байна. Нэр цэвэр нэгэн бол биш. 30 жил төрд явахдаа сайн, муу бүх л нэр хоч зүүсэн нэгэн. Тэр дундаа олон жил түүнийг хятадын тагнуул гэх хардлага, явган яриа дагаж байна. Мөн тэрээр Оюу толгойн гэрээний бас нэг хамгаалагч юм байна гэх шүүмжлэл сүүлийн жилүүдэд гараад эхэлчихлээ. Үүнээс гадна өөрийн нэр дээр биш хэрнээ өрөөлийн нэр дээр байдаг том байшинд түрээс төлөхгүй амьдардаг нь чухам хэний эрх ашгийг төрд хамгаалаад хэнд үйлчилсэн болоод том байшинд түрээсгүй амьдарч болоод байна вэ? гэдэг асуултыг ургуулдаг билээ. Наанаа шударга царайлдаг ч цаанаа хор хутгаж явдаг нэгэн гэх яриаг улс төрийн хүрээнхэн гаргадаг. Сүүлийн жилүүдэд урвагч гэх нэр хоч зүүх болсон хүн бол Ц.Нямдорж. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд Ц.Нямдорж бол Н.Энхбаяраас С.Баярт наалдсан. С.Баяраасаа урваж М.Энхболдод бөөрөнд хавчуулагдсан, М.Энхболдоосоо урваад У.Хүрэлсүх дээр оччихлоо. У.Хүрэлсүх таниас ч урвана шүү хэмээн сануулж байсан билээ. Ийм хүн намынх нь даргын хэлээд байгаа зарчим, ёс зүйтэй үл нийцэж байна.
Д.Батлут гэх Эрдэнэт хотын захирагч, Орхон аймгийн засаг дарга гэх гуншинтай эрхэм нэр дэвшихээр үсчиж яваа сурагтай. Түүний хувьд орон нутагтааа ажиллаж амьдарч байгаа нэгэн боловч, тойрон хүрээлэгсэддээ байр өгсөн, албан тушаалаа урвуулсан гэх ярианы эзэн болчихоод яваа. Халаасны хүмүүсээ төрийн мөнгөөр тэтгэчихсэн гэдэгт нь Эрдэнэтчүүд тун ч дургүй байгаа юм билээ. Ийм хүн өнөөх шударга зарчимч гэдэг шалгуурт үл нийцэх биз дээ. Намынх нь дарга албан тушаалаа урвуулан ашиглаагүй, элдэв албан тушаалын хэл аманд өртөөгүй нэгнийг явуулна гэчихсэн байдаг. Гэтэл Орхон аймгийн засаг дарга Д.Батлут нь яг л дээрх ярианд өртчихөөд явж байна.
Б.Бат-Эрдэнэ: ЖДҮ-чин түүнд жинхэнэ боломж байхгүй болжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр хэлсэн тов тодорхой зүйл бол ЖДҮ-чин гишүүдэд нэр дэвших эрх байхгүй гэдгийг хатуу анхааруулчихжээ. Иймээс Б.Бат-Эрдэнэ гэдэг залуу ЖДҮ-ийн уршгаар ЗГХЭГ-ын дэд даргын суудлаа өгсөн. Одоо түүнд өнөөх ЖДҮ нь нэр дэвших эрхийг нь шууд хазаарлах нь байна даа.
Ц.Бат-Энх гэдэг эрхэм Эрдэнэтээр гүйдэлтэй болоод удсан. Гэвч ойворгон, сагсуу түүний хувьд өөрийнхөө явах замыг ухаад ангал үүсгэчихсэн гэхэд болно. МАН-ын нарийн бичгийн албан тушаал хашиж байсан түүний хувьд саяхан хорио цээрийн дэглэмтэй байхад албан тушаалтанд агсарсан, шаардлага тавьсан төрийн албан хаагчийн үгэнд ороогүй гэх хэл аманд өртөж, ажлаа хүртэл алдсан билээ. Намынх нь дарга У.Хүрэлсүх түүнтэй уулзахгүй байгаагаас харахад намын даргынхаа шалгуурт тэнцээгүй яваа бололтой.
энэ мэтээр МАН-ын горилогч нарын хувьд У.Хүрэлсүх гэдэг намын даргынхаа шалгуурт тэнцэхгүй өвдөг шороодсоор байх нь байна. Уг нь Эрдэнэтэд нэр дэвших эрх нь одоо тус хотын иргэдийг төлөөлж буй О.Содбилэг, Д.Дамба-Очир нарт байх ёстой. Гэвч нэг нь тойргоо хаяаад зугтчихсан, нөгөө нь хунтайж нэртэй яваа учраас бас л боломж н бүдгэрсэн гэх бор шувуу МАН-ын байранд нисэх болжээ.