2020 оны ээлжит сонгууль шил шилээ даран болно. Нэн тэргүүнд 2020 оны 6 дугаар сарын 24 өдөр УИХ-ын ээлжит сонгууль болно. Уг сонгуульд аль намын төлөөлөл Нийслэлд ялалт байгуулна, тэр намын төлөөлөл намар болох Нийслэлийн ИТХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөх магадлалтай юм.
Иймээс УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Нийслэлийн намууд удирдлагын бүтцдээ шинэчлэл хийхээр хоорондоо толхилцоод эхэлсэн байна. Учир нь одоогийн Улаанбаатар хотыг удирдаж буй МАН-ын хувьд намынх нь удирдлага, лидерүүд нь өрсөлдөгч нартайгаа харьцуулахад харьцангуй чанга байгаа юм.
Тухайлбал Нийслэлийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Нийслэлийн засаг даргаар С.Амарсайхан, НИТХ-ын даргаар Д.Дагва нар ажиллаж байна. Тэдний хувьд хурц хурц шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын иргэдийг хуйлруулах үйлдлийг мэр сэр гаргаж буй.
Гэтэл сөрөг хүчин болох Нийслэлийн АН-ын дарга нь Д.Баттулга. 2016 онд Нийслэлийн АН-ын ерөнхий менежерээр ажиллаж намаа ялагдалд хөтөлсөн хэмээн намынх нь буруутгадаг. Гэтэл тэр намын дарга гэх сэтэр зүүгээд сууж байгаа. Нөгөө талдаа сөрөг хүчний даргын хувьд хурц, харизмтай улс төр хийж чаддаггүй. Гөлгөр, хэтэрхий зөөлөн, аядуу байдал нь өнөөгийн улс төрд тохирохгүй байна гэх шүүмжлэл тус намынхан дунд гарсан байна. Иймээс Нийслэлийн АН-ынхан Д.Баттулга гэдэг улс төрчийг сольж өгөх хүсэлт, шахалтыг АН-ын дарга С.Эрдэнэд үзүүлэх болжээ.
Нийслэлийн МАХН-ын даргаар Э.Эрдэнэжамьян ажиллаж байгаа. Түүний хувьд сүүлийн өдрүүдэд намынхан дундаа нэр хүнд нь унаж эхэлсэн байна. Учир нь намын нэр хүндийг өсгөх бус намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө намынхаа зорилго, ззорилтыг буруу ойлгуулсан гэх шүүмжлэлийг журмынх нь нөхөд илэрхийлэх болжээ. Нөгөө талдаа уйлахаас өөр ид шидгүй гэх шүүмжлэл намынх нь зарим гишүүнээс гарсан сурагтай. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяныг солих тухайгаа ойр тойрныхондоо уламжилсан гэнэ шүү.