Трамп шиг улс төрч Монголд үгүйлэгдэж байна

Трамп шиг улс төрч Монголд үгүйлэгдэж байна

ТРАМП БА МОНГОЛ

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Ж. Трампын тангарагын илтгэлийг сонсож суугаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Энэхүү илтгэлийн ерөнхий агуулгыг Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралтай харьцуулж үзэхэд бидэнд суралцах зүйлс их байгааг олж харлаа.

Тэгш бус байдал: Трампыг гарч ирэхэд нөлөөлсөн гол мэссэж бол орлогын тэгш бус байдал, Америкийн дундаж иргэдийн амьдрал улам дордож байгаа тухай асуудал юм. Вашингтон дахь цөөн хэдэн улс төрчид, тэдгээрийг дагасан корпорациуд баяжиж ард түмэн ядуурсан. "Өнөөдөр Вашингтоны эрх мэдлийг ард түмэнд нь буцааж өгсөн өдөр байх болно" гэж тэрээр хэллээ. Ардчилсан хувьсгал ялснаас хойших 27 жилд Монгол улсын ихэнх баялаг 300 гэр бүлийн гарт орсон. Банкан дахь нийт хадгаламжийн 95 хувь эдгээр хүмүүсийн мөнгө болохыг судалгаагаар гаргасан байдаг. Бидэнд өнөөдөр Трамп шиг зоригтой ард түмэндээ эрх мэдлийг нь буцааж өгч чадах улс төрч төрөхгүй байгаа нь харамсалтай. Улс төрчдөд итгэх итгэл улам буурч байгааг, улс төрөөс гарахгүй үхэн хатан гүйж байгаа хүмүүсээс ард түмэн залхаж байгаа учир цаашдын Монголын улс төрд Трампын үзэгдэл удахгүй үүсэх магадлал өндөр юм.

Мартагдсан Хүмүүс: Америкийн хөдөө амьдарч буй олон сая энгийн иргэдийн амьдрал улам дордож "мартагдсан", Америкийн үйлдвэрүүд хаалгаа хааж, компаниуд нь гадаад орон луу нүүсэн, өөрсдөө хил хязгаараа хамгаалж чадахгүй байж гадаад орны хилийг хамгаалахад хэдэн триллион долларыг зарцуулж байна. Бусад орныг баяжуулж өөрсдөө ядуу амьдарч байгаа бас нэг орон бол манай Монгол улс мөн. Өнгөрсөн 27 жилд бид Хятадын Эрээн хотыг баяжуулж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсангүй. Цөөн хэдэн үйлдвэр нь улс төрчдийн гарч орсноор энгийн иргэд бизнес эрхэлж сайхан амьдрах боломжгүй байсаар байна. Өнөөдөр улсын ерөнхийлөгч нь утаа үүсгэж байгаа гэр хорооллын ядуу иргэдээ хохь чинь ухааны юм ярьж суух. Бид ер нь ямар нийгмийг байгуулаад хаашаа явж байгааг хэлж чадах улс төрч өнөөдөр алга. Монголын төр Монголын ард түмнээ мартаад удаж байна.

"America First": Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэлээ. Гадаад худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцаа бүгд Америкийн эрх ашгийг эхэнд тавьж шийднэ гэв. Монголынхоо эрх ашгийг эхэнд тавьж шийдвэр гаргасан хэдэн улс төрч байна? Эх оронч болж жүжиглэж байгаа олон улс төрчдийн оффшор данс илэрч хувийн сонирхол, эрх ашгийн төлөө явдаг, хуурамч дүр исгэгчид болох нь улам бүр тодрон гарч ирж байна. Өөрөө баялаг бүтээж үзээгүй, санхүүгийн асуудлаа шийдээгүй хүмүүсээр төрөө удаан бариулж хулгайчдыг төрүүлсэн бидний буруу байх. Трамп шиг нэг тэрбумтан гарч ирээд цавчаасай!

Buy American, Hire American: "Америкийн барааг ав, Америк хүнийг ажилд ав" гэдэг зарчим барина гэв. "Америк хүн ажилтай болж Америкийн үйлдвэрлэл дахин сэргэх цаг ирлээ" гэж хэлэв. Бид мөн адил "Монгол барааг ав, Монгол хүнийг ажил ав" гээд явбал мөн ч ихийг бүтээж болохоор байна. Монголцууд бид нэгдэж хамтран ажиллахдаа жаахан муу юм шиг санагддаг. Магадгүй бидний нүүдэлчин соёл нөлөөлдөг байх гэхдээ бид нэгдвэл хэнд ч дийлдэхгүй байх боломжтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортод суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгох нь Монголоо дахин сэргээх цорын ганц гарц гэдэгт би итгэдэг. Make America Great Again биш ээ, Make Mongolia Great Again ш дээ!

Хуурамч улс төрчдөд итгэлээ дахин дахин өгөхөө больж өөрсдийн ирээдүйг өөрсдийн гараараа бүтээцгээе! Том мөрөөдье! Томоор сэтгэе! Бид нэгдвэл, Монголчуудыг хэн ч зогсоож чадахгүй! Хамтдаа Монголоо дахин сэргээж хүчтэй болгоё!

Хүндэтгэсэн:

Бархүүгийн Отгонбат

Бэлхийн ам

2017.01.22