Тэрбээр дуучин Г.Чинболорыг Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат нутгийн хамгаалалтын захиргааны даргаар томилжээ. Гэвч АТГ-ын дарга тэргүүн дэд комиссар З.Дашдаваа Г.Чинболорыг төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцэхгүй болохыг анхааруулжээ. Хамгийн энгийндээ мань хүн төрд ажилласан туршлага ч үгүй. Мэдээж Г.Чинболор төрийн албанд огт ажиллаж болохгүй юм биш. Эхлээд ядаж мэргэжлээрээ эсвэл бүр тухайн байгууллагадаа ямар нэгэн албан тушаалд томилогдон ажиллах хэрэгтэй биш гэж үү. Сайдын хүн гээд шууд ДАРГА болоод байж болохгүй биз дээ. Хуульд ч гэсэн заасан гэдгийг АТГ-ынхан ч тайлбарлаад өглөө.
Эрхэм сайд Ё.Баатарбилэгийн хувьд хууль дүрмээс илүү захиа, даалгавар л чухал байдаг бололтой юм. Магад Г.Чинболор өөрөө Ё.Баатарбилэг дээр гүйж очоод тус газрын дарга болно гэж зүтгээгүй нь лавтай. Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гуйлга эсвэл шахаагаар томилгооны “бялуу” хүртэж байх магадлалтай. Учир нь Г.Чинболор УИХ-ын 2016 оны сонгуулиар Л.Оюун-Эрдэнийг нутгаасаа гарч ирэхэд нь багагүй чармайж, хичээн ажилласан “зүтгэлтэн.
Тиймээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хууль дүрэм, мэргэжил, ажлын туршлага огт хамаагүй. Ердөө л намынхөө нөхдийн захиасыг биелүүлж байвал “онц” ажиллаж байна гэсэн оноо авах болчхоод байгаа бололтой. Өмнө нь гэсэн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын сургуулийн захирал З.Байгалмааг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалд Ё.Баатарбилэг сайд гарын үсэг зурсан. Боловсролын салбарт 36 жил ажилласан туршлагатай. Үүнийхээ 15 жилд нь “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирлын албыг хашсан Монгол Улсын Гавьяат багшийг “гавьяаны” амралтаа авахаас наймхан сарын ийн халсан. Энэ нь нэг талдаа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын шахаа гэдгийг тус сургуулийн хамт олон ч хэлдэг юм билээ.
Боловсролын салбараас туршлагатайг нь “хөөж”, байгаль орчны салбарт мэдэгдэхүүнгүй хүнийг шууд дарга болгох гээд байгаа нь өөрөө мөн л шахаа биш гэж үү. Эрхэм сайдтан уг нь сонгуульд ялалт байгуулахгүй “лаазаа өшиглөсөн ч” Монголын БСШУС-ын салбар хөгжөөд л явах учиртай. Тиймээс “явах хүнээр ачаа бүү татуул” гэх үгийг бататган баруун, солгойгүй шахааны томилгоо хийдгээ болино уу.