ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ ХЯМРАЛТАЙ ТЭМЦЬЕ

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИЖ ХЯМРАЛТАЙ ТЭМЦЬЕ

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ шийдвэрлэлээ. Тогтоолын төсөлд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгож, чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тогтоолын төслийг боловсруулан хэлэлцэж байна.
 
Энэ бол тариаланчдын хувьд сайн мэдээ. Гэхдээ зөвхөн үүгээр газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлууд шийдэгдэнэ гэвэл эндүүрэл. Газар тариалан эрхлэгчид болон үйлдвэрлэгчдэд төрийн цогц бодлого шаардлагатай байна.
 
Тухайлбал, хүнсний ногоо, жимс боловсруулах, консервлох ААН-үүдэд ч төрийн бодлого хэрэгтэй байгааг энэ салбарынхан хэлж байна. Ногоо тариалагчид болон тэднийг дэмжих үйлдвэрлэгчид дэмжсэнээр энэ салбарын асуудал цогцоор шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар хүнсний ногоо боловсруулах үйлдвэрүүд эх орны хөрсөнд ургасан өргөст хэмх, лууван, байцаа, сонгино, хүрэн манжин, сармис, чинжүү, чацаргана, аньс, нэр зэрэг жимс ногоогоор төрөл бүрийн салат нухаш, өргөс хэмх, компот, чанамал үйлдвэрлэж байна. Монгол Улсын хэмжээнд том жижиг нийлсэн 70 орчим ААН нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй. Харин эдгээр ААН-үүд цаашид тогтвортой, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шийдэх асуудалд төрийн бодлого үгүйлэгдэж байна.
 
Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүдийн хувьд НӨАТ-гүй ногоо худалдаж аваад үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ НӨАТ төлдөг. Энэ мэдээж импортын ижил төстэй бараатай өрсөлдөх чадварыг бууруулна
 
Мөн түүхий эд хадгалах зоорины хүрэлцээ муу, импортын ижил төстэй бүтээгдэхүүнүүд зах зээлд давамгай хувь эзэлдэг ба импортлогчид нь сүлжээ дэлгүүрийн эздүүд байдаг тул өөрсдийнхөө оруулж ирсэн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд дотоодын ААН-үүд тодорхой хугацаатай хязгаарлалт тавьдаг нь борлуулалтад нөлөөлж байна.
 
Иймээс төрөөс дээрх тогтоолын төсөлд даршилсан ногоо, жимс жимсгэний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх, энэ төрлийн импортын бүтээгдэхүүний татварыг 20 хувьд хүргэх шаардлага байгааг үйлдвэр эрхлэгчид хэлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэснээр валютын гадагшаа урсгал буурч, ажлын байр, татварын хэмжээ нэмэгдэж, хамгийн чухал ногоочдоо дэмжих чухал үйл ажиллагаа болох юм. Нэг үгээр дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр дотоодын хүнсний хангамж нэмэгдэх бүрэн боломжтой юм.
 
Нэг үгээр тэд төр засгаас санхүү мөнгөний тусламж бус төр бодлогоороо дэмжиж өгөхийг хүсэж байна. Үр дүнд нь нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг ААН-үүд дотоодын зах зээлийн 70 хувь цаашлаад 100 хувь хангах, экспортод бүтээгдэхүүний гаргах боломж бүрдэнэ. Тэдэнд боломж бий. Харин үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

О.ОНОН