Улсын Их Хуралд ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж байгаа хүн бол О.Баасанхүү гишүүн. Түүний хувьд МАХН-ын төлөөлөл. Энэ утгаараа энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. О.Баасанхүүгийн хувьд өөрөө дэвших боломжгүй. Тэр 45 нас хүрээгүй байгаа. Харин түүний хувьд МАХН-аас заавал хүн дэвших ёстой. Хэрэв дэвшүүлэхгүй гэвэл өөр сонголт хийхэд хүрнэ гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Тухайлбал тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагдаа дараах байдлаар байр сууриа илэрхийлжээ.
О.Баасанхүү: Намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх. Би МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой” гэдэг хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр дарга дэвшвэл сайн. Би Н.Энхбаяр даргыг битгий дэвш гэж байгаа юм биш. Гэхдээ хуулийн гарц, боломж, улс төрчдийн дарамт, шахалтаас болоод дэвшүүлэхгүй боллоо гэвэл өөрийнхөө оронд өөр хүнийг дэвшүүлэх ёстой. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлага хүлээгээд сууж байгаа. Биднийг суудалтай болгож өгөөч гэж сонгуульд орчихоод асуудалтай болоод “Бид больё” гэж болохгүй. Манай намд гурван боломж бий. Нэгдүгээрт: АН юм уу МАН-та хамтраад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно. Ил тод ард түмэнд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл дангаараа хүнээ дэвшүүлж болно л доо. Эс бөгөөс суудалгүй намуудыг цуглуулж байгаад дундаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Трамп, Путин шиг хэнийг ч байж болно. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ. Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна. Би биш бол хэн ч биш гэж болохгүй гэж байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Түүний энэхүү үгийн цаана МАХН-аас Н.Энхбаяр л дэвшихгүй бол өөр хэн ч дэвшихгүй гэсэн мухайрлал байж болохгүй. Харин үүнийхээ оронд Н.Энхбаяр дэвших боломжгүй гэвэл дараагийн хүн нь хэн вэ гэдгийг эртнээс тооцож суух ёстой гэж О.Баасанхүү үзжээ. Үүнийгээ ойлгуулах гэж намынхаа даргад хэвлэлээр үг дайж эхлэв бололтой. Нөгөө талдаа өөрийнхөө ганц суудлыг үнэ цэнэтэй болгох гэсэн алхам байж болох юм.