ЖДҮ-чин 49 гишүүний 15 нь мултарч 34 нь хуулийнханд хянагдаж буй

ЖДҮ-чин 49 гишүүний 15 нь мултарч 34 нь хуулийнханд хянагдаж буй

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтангуудаас Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг ял авах нь дээрээ тулчихаад байна. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Удахгүй шүүх хурал нь болж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай яригдаж байна.

Тэгвэл жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэрэгт нэр холбогдсон зарим улс төрчдийн хэргийг хааж байсан билээ.  “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэдгээ жилийн өмнө Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж байсан юм. 

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн дэмжсэн иргэн Л.Оюун-Эрдэнэ, Б.БатЭрдэнэ гишүүний дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” компани, Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп”, С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай”, М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах”, Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат”, Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан”, М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм”, Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус”, Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу”, Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл”, Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд”, Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс”, компанитай тус тус холбогдох хэргийг хаах санал гаргажээ.Эдгээр хэргүүд нь бүгд тухайн УИХ-ын гишүүний тойргийн сонгогч нарын нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд бөгөөд мөн эдгээр аж ахуйн нэгжтэй тухайн гишүүн нь ямар нэгэн хамаарал байхгүй гэдэг нь тогтоогдсон гэдэг зүйлийг АТГ-ынхан хэлж байлаа. 

Мөн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент”, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс”, УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” зэрэг компанитай холбогдох хэргийг ч хаах саналаа АТГ-аас илэрхийлсэн байдаг. 

Учир нь эдгээр албан тушаалтныг хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй аж. 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлд зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн гурван улс төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад хандсан аж. Эдгээр өндөр албан тушаалтангуудтай холбоотой хэрэг өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа билээ. 

 “ЖДҮ”-д нэр холбогдсон 49 гишүүний 15 нь буруугүй гэх бичгээ АТГ-аас авчихсан байдаг. Тэд ЖДҮ-д нэр холбогдсон нь бусад шигээ хамаарал бүхий компанидаа авчихсан зүйл байхгүй учраас айхгүй яваа гэх юм билээ. Нэг үгээр хэлбэл 2020 оны сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд нэр дэвших эрх олгохгүй гэдэг хаалтыг давчихана хэмээн даналзаж суугаа ажээ.

Харин үлдсэн 34-ийнх нь асуудал хаашаа эргэхийг ирэх өдрүүдэд харах үлдлээ.