Р.Жандос:Мөнгөтэй, суудалдаа хайртай хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий

Р.Жандос:Мөнгөтэй, суудалдаа хайртай хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий

“Хүннү-Эйр” компанийн ээлжийн ахлах, агаарын хөлгийн инженер Рыскелдийн Жандосаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч намар Хүннү-Эйр компанийн онгоцон дээрээс хүн унаж бэртсэн тухай яриа байдаг. Гэтэл энэ асуудалд таныг буруутгасан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Хүннү-Эйр” компанийн онгоцны хойд далавчин дээрээс манай механикч залуу унаж бэртсэн юм. Тэгэхэд би ээлжийн ахлахаар ажиллаж байсан учраас буруудаад байна.

-Тэгээд ямар учраас буруутгагдаад байгаа хэрэг вэ?

-Би тухайн ээлжийг ахалж байсан учраас механикч, ажилтандаа хамгаалах малгай өмсгөөгүй, өндөрт ажиллах заавар дүрэм зөрчсөн гэж үзээд байгаа юм. Миний хувьд үйлдвэрлэлийн заавар, стандартыг мөрдөж ажиллах учиртай ч манай дүрэм, журамд онгоц хучих тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Иргэний агаарын салбарын дүрэм бол олон улсад ганцхан жишгээр л мөрдөгддөг зүйл. Гэтэл манай дарга нар осол гарсны дараа өндөрт ажиллах дүрэм журамдаа өөрчлөлт оруулаад намайг буруутгаж эхэлсэн.

-Танай удирдлагууд өөрсдөөсөө уг асуудлыг зайлуулж, таныг буруутгаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэж болно. Би дээр хэлсэн, манай аюулгүй ажиллагааны дүрэмд онгоц хучих тухай байхгүй. Тэр ч бүү хэл үйлдвэрлэлийн зааварт байдаггүй. Манайх онгоцны далавчийг мөстөхөөс хамгаалж хучдаг юм. Гэтэл түүнийг хучдаг заавар дүрэм олон улсын жишигт байдаггүй. Тусгай хөлддөггүй шингэн бодис хэрэглэдэг. Манайх тэр шингэнийг хэрэглэх бус хучлага хэрэглэж байгаа нь миний буруу биш, манай удирдлагууд өөрсдөө олон улсын стандарт дүрмийг зөрчиж байгаа хэрэг.

-Яагаад тэр шингэнээ хэрэглэж болдоггүй юм?

-Мөстлөгөөс хамгаалах бодисыг нэг удаа хэрэглэхэд 200 орчим литр ордог бөгөөд нэг удаагийн зардал нь нэг сая орчим төгрөг байдаг, тэгээд зардал хэмнэдэг юм болов уу. Энэ нь зөвхөн дүрэм журам зөрчих бус олон улсын стандарт зөрчсөн хэрэг болж байна. Би дахин хэлье. Иргэний агаарын тээврийн дүрэм журам гэж олон улсад мөрддөг ганцхан л “хууль” үйлчилдэг. Аль нэгэн улс, байгууллага дураар өөрчлөх боломжгүй зүйл. Нөгөө талаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан хүн байх ёстой ч би энд найман жил ажиллахдаа ийм орон тооны хүн хараагүй.

-Одоо тэгээд ажил ч үгүй шалгагдаж байгаа хэрэг үү?

-Уг нь намайг ажлаас халаагүй ч коронавирус, энэ тэрээр далимдуулаад цалин ч өгөөгүй. Мөн “Чингис хаан ” олон улсын нисэх буудал руу нэвтрэх үнэмлэхийг “Шалгагдаж байгаа” гэх шалтгаар хурааж авсан. Тэгэхээр ажилгүй гэж ойлгож болохоор. Цалин цагаагүй, эхнэр маань жирэмсний амралттай, гурван хүүхэдтэй, шүүх, цагдаа, прокурор гээд хүндхэн л байна. Энэ асуудлын процесс маш хурдан шуурхай шийдэгдсэн. Бараг л хүчээр дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлчихлээ. Яллах дүгнэлтэд “Бусдын биед хүнд гэмтэл учруулсан” гэж байна лээ. Одоо мөнгөтэй, суудалдаа хайртай хүмүүс шүүхийн шийдвэрт нөлөөлөх вий гэж айж байна, гэр бүлээ бодож байна.

-Миний ойлгож байгаагаар бол дарга нар суудлаа, арьсаа хамгаалаад нэг ажилтнаа золионд гаргаж байна гэж ойлгож болох уу?

-Би ч өөрөө тэгж ойлгож байгаа, тийм учраас энэ хүмүүсийг шүүхийн шийдвэрт нөлөөлөөд байна, одоо яах ёстой вэ гэдэг үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Тэдэнд эрх мэдэл, танил тал, эд хөрөнгө байгаа учраас өөрсдийнхөө бурууг жирийн нэг ажилтандаа тохоод дуусгах гэж байгаа нь аймшигтай.

-Шүүхийн шинжилгээ, бусад хяналтын байгууллагын дүгнэлт гэж байдаггүй юм уу?

-Оны өмнө, арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Гэтэл энэ хүн өндөрт ажиллах дүрэм зөрчсөн байна гэж гаргасан. Тэгэхээр нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хандахад миний ажил байдлын  тодорхойлолтыг хуурамчаар гаргаж, дүрэм журмаа өөрчлөөд цагдаад удаа дараа өгсөн байдаг. Манай нэг ажилчин залуу “Жандос оо өндөрт ажиллах, аюулгүй ажиллагааны дүрэм журам шинээр гарлаа” гээд над руу цахимаар явуулсан нь баримттайгаа бий.

Шуурхай.мн