Ардчилсан намын лидер улс төрчид бие даахаар болжээ

Ардчилсан намын лидер улс төрчид бие даахаар болжээ

Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2020 оны 6 сарын 24 өдөр болно. Өнөөдөртөө багтааж бие даагч нар мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газар хүргүүлэх зохицуулалттай. Үүний дагуу өнөөдөр бие даагч нар мөрийн хөтөлбөрөө тус байгууллагад хүргүүлж байна. Эндээс хамгийн их сонирхол татаж байгаа нь Ардчилсан намын лидер улс төрчид бүгд бие даагч болохоор шийдсэн бололтой. Тэд ээлж дараалан бие даагчийн мөрийн хөтөлбөрөө аудитын ерөнхий газарт хүргүүллээ. 

Ардчилсан намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан ч АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл нааштай хариу өгөөгүй учраас цахим орчингоор дамжуулан бие даахаа мэдэгдсэн билээ.  
"Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө "Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч Та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ" гэжээ. 
ТӨР.МН

Н.Алтанхуяг бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөрөө өгсний дараа тайлбар өгөв. 

Ийнхүү намаа удирдаж 2012 онд олонхи болж чадаагүй ч олуулаа болж Засгийн эрх бариулж байсан Н.Алтанхуяг ийнхүү бие дааж сонгуульд өрсөлдөх бололтой. 

Нам лидерүүдээ хөсөр хаяж, хаа хамаагүй хүмүүсийг намдаа авдаг болсон гажуудалтай эвлэрч чадахгүй байгаа учраас Ардчилсан намын анхдагч нарын нэг, Хөдөлмөрийн баатар Э.Бат-Үүл бие даан өрсөлдөхөөр болжээ. Өрсөлдөх өрсөлдөхдөө тэрээр АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөх гэнэ. 

Э.Бат-Үүл энэ тухай тодруулгадаа “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ” гэв. 

Эрдэнийн Бат-Үүл@E_BatUul
 

Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө! Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа...?!

134 people are talking about this
 

Ардчилсан намын бас нэг лидер, өнгөрсөн 3 удаагийн сонгуульд МАН-ын хамгийн том улс төрчидтэй өрсөлдөж, нутагтаа, намдаа үнэнч гэдгээ илэрхийлж ирсэн Эрчим хүчний дэд сайд асан Дуламсүрэнгийн Доржпүрэв бие даан өрсөлдөхөөр болжээ. Тэрээр өнөөдөр мөн л аудитын ерөнхий газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. 

Дуламсүрэнгийн Доржпүрэв нь 2012 онд Төв аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа анх удаа намаа Төв аймагт ялуулж байжээ. Үүгээр зогсохгүй  Төв аймагт 1000  айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, Улаанбаатар -Зуун мод чиглэлийн авто замыг шинэчлэн бариулах ажлыг санаачлан, хөөцөлдөж бариулсанд нутгийнхан нь ам сайтай байдаг юм билээ. Д.Дорпүрэвийг Ардчилсан намаас нэр дэвшүүлэх байх хэмээн Төв аймгийнхан итгэл хүлээн найдаж байсан ч АН-ын удирдлагууд түүнд боломж олгохгүй байгаа учраас нутгийнхан нь бие даан нэр дэвшихийг хүсэх болжээ. Төв аймгийн 27 сумын төлөөлөл болсон иргэд  Д.Доржпүрэвийг нэр дэвшихийг хүсч захидал ирүүлсэн юм байна. 

Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшихээр эртнээс яригдаж байсан нэгэн эрхэм бол хуульч Батжав билээ. Гэвч тэрээр бас л бие даан нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд Хэнтий аймагт яг одоо хүчтэй байгаа улс төрчидтэй өрсөлдөж чадна хэмээн бат итгэж, намаасаа квот авах гэсэн ч тусыг эс олсон учраас ийнхүү бие даагчийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгч буй бололтой. 

Хамгийн хачирхалтай нь Ардчилсан намын даррга С.Эрдэнэтэй нэг баг болж ажиллаж буй тус намын дэд дарга Дэлгэрмаа бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын газарт өгсөн байна. 

Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа нь тус намын лидер эмэгтэйчүүдийн нэг бөгөөд намын удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байгаа учраас намынхаа нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөнө гэж олон хүн итгэж байсан юм. Гэнвч тус намын дотоод уур амьсгал ийнхүү Б.Дэлгэрмааг бие даахад хүргэжээ. 

Ийнхүү Ардчилсан намынхан хөлөө жийлцэж, эв түнжин муутай байгаа гэдэг нь бие даахаар мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгч байгаа улс төрчдөөс харагдаж байна. Харин МАН-ынхан бие даагчийн мөрийн хөтөлбөр өгч буй зүйл алга. Нам жим л суугаа нь МАН-ынхан ялалтын төлөө гар барьсан бол АН-ын ялагдлын төлөө хөлөө жийлцсэн бололтой гэх таамаг яриаг улс төрийн хүрээнд дэвшүүлж эхэллээ. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон нутагт нэр хүнд сайтай байгаа намынхаа лидерүүдэд буулт хийж, нэр дэвших боломжийг нь олгохгүй бол ялагдал, санал хуваалт бий болж, МАН-д ашигтай тусна гэж тус намын эгэл жирийн гишүүд эгдүцэж буй юм билээ.