ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫГ ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНААР ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавирусын халдвар /COVID-19/ -аас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/57 дугаар тогтоолоор “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ны чиг үүргийг хэрэгжүүлэх хорооны хэсгийн ахлагчийн ажиллах түр журмын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас хариуцсан 1-20 дугаар хорооны 142 хэсгийн ахлагч нар олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчилд хяналт тавьж үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Түр журмаар томилогдсон олон нийтийн цагдаа нар хариуцсан хороодын нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран эргүүлд ажиллаж, иргэдэд халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Иргэд та бүхэн олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсгийн ахлагч нараас тавьсан шаардлагыг биелүүлэн, халдварт өвчин болон гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.