УИХ-ын сонгуулийн сонгуульд 208 бие даагч нэр дэвшинэ гэнэ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хүртэл бие даана гэнэ. Өмнө нь намын далбаан дор байхдаа бие дааж чадахгүй ихээ хэцүү байсан юм байх, энэ хүмүүсийн хувьд. Гэхдээ УИХ-ын гишүүнээр, сайдаар, Элчин сайдаар ажилласан туршлагыг нь бодох юм бол юу юугүй одоо ухаарч гэж итгэх нь хаашаа юм. Итгэхгүй байх нь ч бас хаашаа юм. Туршлага бол байгаа л байх.
Харин “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо”-ны тэргүүн Ц.Пүрэвхүүгийн бол хаа очиж өөр шүү. “Утаагаа бууруулаач, Угаартаж үхлээ” гээд сүүлийн хоёр, гурван жилийн турш Сүхбаатарын талбай дээр хэвтэж ч нэг, орилж ч нэг үзсэн. Түүнийх нь хүчинд Засгийн газраас өнгөрсөн өвөл сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын утааны бохирдол 50 хувиар буурлаа. Ирэх жилд энэ тоо бүүр 70 хувь, магадгүй 90 хувьд ч хүртэл буурахыг үгүйсгэх аргагүй. Учир нь, эхний жилдээ 50 хувьд хүрсэн үр дүнг нь Улаанбаатарын иргэн та бид бүгдээрээ л нүдээрээ харлаа. Чингэлтэйн тойрог 50 метрт харагддаггүй байсан бол харагддаг боллоо, Хорооллын гоё дэлгүүрээр хоолой хорсоод хэсч болдоггүй байсан бол хоолой хорсож ханиалгасангүй, урд талын машин утаанд сааралтаад харагдахгүй мөргөлдөөд, зодолдоод зогсдог байсан бол хөөрхий овоо сайхан тунгалаг харагддаг боллоо... Үгүй нээрээ, энэ хүүхэнд баярлах шалтгаан тэгэхээр яаах аргагүй их шүү.
Өвлийн хүйтэнд Сүхбаатарын талбай дээр “Утааг бууруул” гээд цаасан хайрцаг дэвсээд хэвтээд байсныг нь та бид өнөөдөр мартсан байж магадгүй. Утаа буурчихаар мартагдахгүй нь аргагүй, угаасаа л хүний зан. Гэхдээ УИХ-д бие даагчийнх нь хувиар ой санамжаа сэргээгээд яахаад дэмжиж болохгүй гэж.
Тэртээ тэргүй, хонь ямаагаа МАН-ынхан өргөөд түшээд явчих юм байна. Үйлдвэрлэлийн зээл, оймс гутлаа бол Ардчилсан нам өмгөөлөөд хэрэлдчих юм. Ийм нөхцөлд дундуур нь Ц.Пүрэвхүү бие даагчийн хувиар гэр хорооллоо хамгаалаад мэтгэлцээд явж байг. Гэр хорооллын хүүхдүүдийн 30 хувь нь сүрьеэгийн халдвар тээгч, нийслэлийн нийт сурагчдын таван хувь нь уушгины архаг бронхиттой гээд байхад бидний төлөө хэвтэх үедээ хэвтдэг, уурлах үедээ уурладаг, уйлах үедээ уйлдаг хүн УИХ-д хэрэгтэй байна. Тэгж тэмцэж чадна аа, Пүрэвхүү.