С.Амарсайхан хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгож байсан билээ. Ийнхүү одоогийн хүүхдийн байгууллагын үндэс суурь тавигдаж, Пионерын тангараг өргөсөн анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч шударгаар идэвхийлэн оролцох, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх үйлсэд түүхэн гавьяа байгуулсныг мартах учиргүй. Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг. Нийслэл Улаанбаатар хот маань одоо 500-гаад мянган хүүхэдтэй өнөр өтгөн айл гэр болсон. Нийслэлийн хүүхдийн байгууллага маань өдгөө хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу олон талт бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд миний бие хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, төлөвшил, хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтуудаас хэзээ ч гар татахгүй гэдэг байр сууриа хамгаалсаар ирсэн. Улсын ууган зуслан буюу “Найрамдал” зуслангийн газраас их хэмжээний газрыг хууль бусаар олгосон байсныг цуцалснаас гадна 33 чиглэлд “Сургуулийн автобус” явуулж, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулаад эхэлсэн, Мөсөн ордны бүтээн байгуулалт, нийслэл дэх хүүхдийн тоглоомын талбайн стандартыг шинэчилж мөрдүүлэх зэргээр цөөнгүй бодлого шийдвэрүүд гарган хэрэгжүүлээд байна. Улаанбаатар хот 2020 оныг Стандартын жил болгосон бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын гол цөм нь хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн гэдгийг дуулгахад таатай байна. Өхөөрдөм хүүхэд багачууддаа, аав ээжүүддээ, хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтан алба хаагч нартаа баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж явах болтугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.АМАРСАЙХАН