Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ "Энэ тухай албан ёсны мэдээлэл ирээгүй" гэж мэдэгдэж байлаа.
Харин хэдхэн хоногийн дараа энэ жагсаалтад орсон нь тодорхой болж байна.
Өнгөрсөн 7 хоногт болсон УИХ-ын хуралдааны үеэр Ж.Батзандан гишүүн “Дөнгөж сая "Ройтерс" агентлаг Монгол, Барбадос, Камбож, Ботсван, Ямайка, Зимбабе улсууд Европын холбооны хар жагсаалтад орсон талаар мэдээллээ. Шалтгаан нь мөнгө угаадаг орон. Хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг орон гэдэг шалтгаанаар орсон байна. Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа чинь асуудал дагууллаа. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах зорилгоор 400 сая долларыг хууль бусаар Орос руу гаргасан гэдэг шалтгааныг тооцсон байна. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа 23 том хэргийг чинь ярьсан байна” гэлээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Батзандан гишүүний дуулгасан мэдээлэл үнэн гэдгийг баталлаа. Тэрээр "Монгол Улс саарал жагсаалтад орсон. Европын холбооны хар жагсаалтад бас орсон. Банк санхүүгийн салбарт реформ хийх асуудал дээр Б.Батөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд хар, саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, цахим банкны тогтолцоог бий болгох, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн мэлзсэн удаатай.
Уг нь Г.Занданшатар саарал жагсаалтанд Монгол улс ороход нь сүржигнэж байгаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлж санаагаа амарааж байсан билээ.
Харин өнөөдөр Европын хар жагсаалтанд Монгол улс орчихлоо. Одоо буруутанг бас л бушуу түргэн олж гэсгээл үзүүлээч Г.Занданшатар даргаа. Таны өөрийн тань томилсон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн буруутай юу? Бас санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан буруутай юу? Эсвэл Засгийн газрын сайд нартай хариуцлага тооцох юм уу? хэдхэн сарын өмнө хэрхэн тэмцэл өрнүүлж байсан билээ. Яг тэрэн шигээ хөдөлчих сэтгэл, бас ухаан алга уу? эсвэл өөрийнхөө томилсон тавиулууддаа хариуцлага тооцчих чадалгүй учраас хүлээн зөвшөөрсөн үг хэлээд амандаа тайлбар тавин бувтнаж суугаа юу?