Э.Бат-Үүлд Баянзүрх дүүрэгт тойрог өгч З.Энхболд Дархан-Уул аймагт сонгуульдах тохиролцоо хийгджээ
Ардчилсан намаа аварч, намыг нь муухай харагдуулахад нөлөөлж байгаа З.Энхболдыг улс төрөөс арчихын тулд түүний нэр дэвшсэн тойрогт өрсөлдөх болно хэмээн Э.Бат-Үүл 2020 оны 4 дүгээр сарын 24 өдөр мэдэгдэж байсан билээ. Энэхүү мэдэгдлийн цаана нэгдүгээрт намдаа нөлөө тогтоосон З.Энхболдыг айлгах, нөгөө талдаа АН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших квотоо авах гэсэн башир арга байсан бололтой.
Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын зарим улс төрчид уулзаж тохиролцоо хийсэн байна. Энэхүү тохиролцоонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нөлөөтэй оролцсон гэдгийг тус намынхан ам уралдан шуугиж байна. Учир нь өөрийнхөө хамтрагчид болох З.Энхболд, Э.Бат-Үүл нарыг эвлэрүүлж, тойргийг нь хоёр өөр зүгт чиглүүлэх ажлыг Ц.Элбэгдорж зөвлөж, С.Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн байна.
З.Энхболдын хувьд хэд хэдэн газарт нэр дэвшихээр горилж, судалгаа хийсэн ч тааруу үнэлгээ авсан учраас Дархан-Уул аймагт хүч үзэхээр болсон бололтой. Уг нь түүнийг Эрдэнэт, Өвөрхангай аймагт нэр дэвших магадлалтай гэж байсан ч эцсийн мөчид Дархан-Уул аймгийг сонгож байгаа гэнэ.
Хэрэв Э.Бат-Үүл хэлсэндээ хүрсэн бол Дархан-Уул аймагт очиж З.Энхболдтой өрсөлдөх байлаа. Гэвч тэр хэлсэн үгэндээ хүрэхгүйгээр барахгүй Баянзүрх дүүрэгт өрсөлдөх эрхээ АН-аас өвөртөлчихсөн бололтой. Ингэхдээ зүгээр гүйгээд очиж чадахгүй учраас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өрсөлдөөнд дуудах маягаар шоудаж сууна.
Ц.Элбэгдоржийн хувьд Э.Бат-Үүл, З.Энхболд хоёрыг муудалцуулахгүйгээр эв түнжинтэй байлгаж, сонгуульд амжилттай оролцуулах нь өөр өөрсөд нь ашигтайгаас гадна өөрт нь ашигтай гэдгийг намынхандаа ойлгуулсан гэх мэдээлэл байна. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ц.Элбэгдоржийн үгийг хүлээн авч, шийдвэрээ гаргаж байгаа гэх бор шувуу тус намынхан дунд хөвөрч байна.