Улсын Их Хурлын ээлжит сонгууль сар хүрэхгүйн дараа болно. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, мөн Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ материалыг хүргүүллээ. Сонгуулийн Ерөнхий хороо материалыг нь хүлээн авч, хуулийн хугацаанд шалгаж дуусаад нэр дэвшигчдийг баталгаажуулах үүрэгтэй.
Харин нэр дэвшигчид тодрохтой зэрэгцээд улс төрийн хүчнүүд хэн нь хэн вэ? Хэрхэн нэг нэгнээ хэмлэх дуртай вэ гэдгээ хэвлэл, нийгмийн сүлжээгээр хэмлээд эхэллээ. Улс төрийн гол хоёр хүчин болох АН, МАН хоёр хоорондоо МАНАН-таж явсан гэдгээ тэд батлав бололтой.
29 тойргийн нэр дэвшигчдийг ерөнхийд нь зураглаад өгөх юм бол аль аль нам нь арай боломжтой гэх нэр дэвшигчдээ найр тавиад өгчихсөн. Хөнгөхөн өгөөш өмхүүлчихсэн тойрог чамгүй байх юм. Үүний цаана өнөөх л МАНАН бүлэглэл ажиллачихлаа гэх улс төрийн хүрээнийхэн ундуйцаж сууна. Үнэн байх магадлалтай. Амь бөхтэй оршиж буй МАНАН бүглэл магадгүй өнөөдөр ч МАН болон АН-ын удирдлагыг бүчихээд сууж байгаа байж мэдэхийн.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн багаа авч сонгуульд орно хэмээн дуугарч байсан. Гэвч үнэхээр өөрийнх нь баг уу? Эсвэл өрөөл бусдын санал болгосон баг нь уу гэдгийг хэлэхэд хялбархан байна. Шууд У.Хүрэлсүхийн баг гэж хэлэхэд тун бэрх. Тэр өөрийнхөө нам дотор байдаг Хотын фракцаас тодорхой хүмүүсийг жийж байгаад Ерөнхийлөгчийн фракцын хүмүүсийг намынхаа хаалгаар бус тооноор дагуулаад ороод ирчихжээ. 5-6 тойрогт МАН-ын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн фракцын хүмүүс нэр дэвшиж байгаа талаар МАН-ын бага хурлын гишүүд бачууран ярьсан байх юм. Мэдээж хэрэг хотын фракц бүр мөссөн арчигдахгүй нь ойлгомжтой. Тус фракцын чамгүй олон төлөөлөл мөн л МАН-ын нэрийн өмнөөс босч байна. Үүнээс гадна Сү.Батболдын фракцынхан хамгийн овжин ажиллаж, өөрсдийнхөө тойрогт өрөөл бусдыг өөрийн гэхгүй өрөөлийн намтай хамт зайчилж байгаад нэр дэвшихлээ гэж хардаж болохоор байна. Н.Багабандийн фракц ч бас л зүгээр суусангүй. Тэд өөрийнхөө хүмүүсийг дуртай тойрогтоо шигтгэж амжжээ. Улс төрөөс холдох тухай ярьдаг ч намынхаа хамгаалалтын хүсэх болсон С.Баяр ч мөн л өөрийхөө үгээр хөдөлчих хүүхэлдэй нараа Улсын Их Хуралд нэр дэвшүүлж амжжээ. У.Хүрэлсүхийн фракцын хувьд намын дарга У.Хүрэлсүх, мөн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга болох тохиролцоо хийгээд байгаа Я.Содбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар тус тусынхаа хүмүүсийг зүүний хүчний холбоо фракцын нэрийн өмнөөс босгож буй юм билээ. Энэ бүхнээс харахад МАН-ын 76 нэр дэвшигчийн хувьд зөвхөн У.Хүрэлсүхийн баг бол биш. Харин эзэн олонтой, эв зүйгээр учраа олох гэж хөшигний цаана тохиролцсон хэсэг бүлэг фракцын төлөөлөл. Зөвхөн МАН гэхгүй бас МАН-аас гадна байгаа фракц ч орж ирчихсэн тууж яваа.
Ардчилсан намын хувьд нам бус бүлэг фракцын нийлбэр болчихжээ гэдгийг намынх нь гишүүд, дэмжигчид нэр дэвшилтын орой л тунхаглаад эхэлсэн. Тухайлбал Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дийлэнх олонх нь Ц.Элбэгдорж, Б.Эрдэнэбилэг, Б.Хурц нарын бүлэглэл буюу Эрдэнэтийн 49 % талын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс хэмээн цоллож байна.Ийм үгийг Ардчилсан намын гишүүд, мөн хэвлэлээр шуугиад эхэлчихлээ. Дараагийн фракц нь мэдээж хэрэг Шонхор буюу С.Эрдэнэ, З.Энхболд нарын фракц. Энэ хоёр эрхэм Шонхор фракц гэж яваа боловч нөгөө талдаа Ц.Элбэгдоржтой тун ойрхон шадарлах болсон юм билээ. Ардчилсан нам хагарах үндэслэл нь 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн оронд З.Энхболдыг Ерөнхий сайд болго гэх Ц.Элбэгдоржийн шахалтаас үүдэлтэй гэдгийг тус намынхан өнөөдөр хуучлах болжээ. Дээрх явган яриаг иш татах аваас Ц.Элбэгдоржийн фракц, З.Энхболдын фракц нэг талын эрх ашгийг хамгаалах нэгдмэл нэгэн байж мэдэх юм. Ардчилсан намд өөрийнхөө хүмүүсийг шигтгэж, АН-ын даргыг айлгаж байгаад үгэндээ оруулж чадсан хүн бол мэдээж хэрэг МоАХ фракцын төлөөлөл, Ерөнхийлөгч хэмээн хардах хэсэг байна. Түүний ойр гэгдэх 10 орчим хүн нэр дэвшиж буйгаас харж болох юм. Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн Ардчилсан нам гэхгүй, МАН, ШИНЭ эвсэл гэх мэт улс төрийн хэд хэдэн нам, эвслээс өөрийн ойр хүмүүсээ нэр дэвшүүлчихлээ гэх явган яриа гарчихлаа. Ардчилсан намаас дараагийн нэр дэвшилтийн фракц нь МҮДН буюу цаг ямагт АН-ын бялуунаас хамгийн томыг хүртэж ирсэн өвгөчүүл. Тэд энэ удаа ч зүгээр суусангүй. Өөрсдийнхөө эрх мэдэл, албан тушаалаа хамгаалж үлдэхийн тулд улиг болсон хэдийгээ нэр дэвшүүлчихлээ. МоАН фракцынхан Л.Гантөмөрөө жийлгэсэн ч гэсэн АПУ-ын гэх тодотголтой дөрөв, таван хүнийг нэр дэвшүүлж амжлаа. АН-ын нэр дэвшилтийн цаана бүлэг фракцдаа тэнцүү суудал өгсөн, бизнесийн том бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж болзошгүй нэр дэвшигч нар олон байгааг намынх нь гишүүд ярьж, бичээд эхэлжээ.
Ийнхүү улс төрийн гол хоёр хүчинд үнэндээ цойлж, торойх нэр дэвшигч бараг л алга. Байдаг л өнөөх бүлэг фракцын төлөөлөл, эрх мэдлийн төлөөх тэмцэл, элдэв гэмт хэргийн эзэд, авлига албан тушаалаар шалгагдаж буй гишүүд, хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаалгачихаад том том дуугарч яваа улс төрчид, гэнэт баяжигч бүхий залуус, мөрөөдөл тээсэн ч мөнгөтэй хүний халаасанд орчихсон эрдэмтэн мэргэд л байх шив дээ. Өөр гийгүүлэх зүйл МАН болон АН гэдэг улс төрийн хүчинд алинд ч алга.
Бусад улс төрийн хүчнүүд бас л нэмэргүй. ШИНЭ эвсэл гэх нэртэй Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс хоорондоо хөлөө жийлцэж, хэд хэдэн намаас гологдож, туугдагсадын нийлбэр аятай. Зөв хүн Электорат эвсэл гэгч нь АН-ын өвөө нар араас нь чиглүүлж буй гадаадад сургууль төгсөж ирсэн хэдэн залуус өөрсдийгөө улс төрч гээд бодчихсон хөөрч явна. Та бидний эвсэл бол тэр чигээрээ эрх мэдэлд шунагсад. Тэд эрх мэдэлтэй байж үзсэн ч балаг нь их юм даа.