“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү газарт холбогдох бичиг баримтыг үзэж танилцах, хянан тулгах, ажлын байрыг газар дээр нь очиж үзэж танилцах гэсэн байдлаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, дүгнэлтийн талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “Өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалттай холбоотой үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 67, 71 зүйлүүдэд заасныг зөрчсөн зарим үйл ажиллагаанууд явагдсан байна. Тухайлбал, Тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа нь дууссан. Мөн ашиглалтын хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгслүүд нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй бөгөөд тухайн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар ямар ч арга хэмжээг авч ажиллаагүй байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдэд зөрчил дутагдал нийтлэг илэрлээ” гэв.

Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь орон сууцны тохижилтын газартай холбоотой хэд хэдэн зөрчил дутагдлууд илэрсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс