УИХ-аас томилогдсон ажлын хэсэг дүгнэлтээ яг одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Уг ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлан ажилласан билээ. Түүний хувьд уг шалгалтын дүнгээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагаа нь хэд хэдэн хуулийг бүдүүлэг зөрчил гаргажээ. Үүгээр зогсохгүй Төрийн байгууллагын онцгой эрхэд халдсан байна гэлээ. Тухайлбал:
Монгол улсын Олон улсын гэрээг байгуулах, цуцлах эрхийг УИХ эдлэнэ гэсэн том заалт бий. Энэхүү онцгой бүрэн эрхийг зөрчиж Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээг нөгөө талд шилжлүүлсэн байна. Уг нь энэ асуудлыг заавал УИХ дээр оруулж ирж хэлэлцүүлэх ёстой байсан гэлээ. Засгийн газар Олон улсын гэрээг цуцлах тухай саналаа УИХ-д мэдүүлнэ гэсэн байдаг. Үүнийг бас зөрчжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч нь УИХ байна. УИХ-ын өмчийг хувьцаа эзэмшигчээр Засгийн газар ажиллана. Тэгэхээр Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг дур мэдэн шийдэх эрхгүй. харин УИХ-д уг асуудлаа танилцуулан шийдвэрлүүлэх ёстой байсан гэж ажлын хэсэг үзжээ.
Эрдэнэт үйлдвэр бол ОХУ-Монгол засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт заасны дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөн нөхцөлд гурав дахь этгээдэд зарна гэсэн. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Ростех компаниас ирүүлсэн албан бичигт үндэслэн уг наймааг хийсэн. Энэ нь шууд уг гэрээгээ зөрчиж байгаа үйлдэл. Үүнийхээ оронд засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д танилцуулах ёстой байсан гэлээ.
Энэ бүх заалтыг зөрчиж Засгийн газрын 330-р тогтоол гарч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарсан гэлээ.