“Олон түмний оролцоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Доржпүрэв, Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н..Ганхуяг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эгнээндээ 80 мянга гаруй иргэнийг нэгтгэсэн тус холбоо нь бэлчээр ашиглалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр төрийн болон ТББ-уудтай хамтран ажилладаг юм. “Санамж бичгийн хүрээнд төвийн бүсийн хөгжил, Төв аймгийн малчдын амьжиргааг дэмжих, бэлчээр ашиглалтыг сайжруулах зорилгоор хамтран ажиллана. Бид бэлчээр ашиглалтын чиглэлээр малчдыг хэсэг, хоршооны зохион байгуулалтад оруулахад техник, аргазүйн туслалцаа үзүүлэх юм. Мөн нүүдэл сэлгээ, бэлчээр ашиглалтын уламжлалт арга, ажиллагааг сайн хэрэгжүүлж буй малчдынхаа МАА-н түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэлэмж, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” гэж Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг тайлбарлав. Төв аймгийн 5-6 сумын малчид бэлчээрийг сэргээн сайжруулах, мөнгөн хуримтлал дундын хөрөнгийг арвижуулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлжээ. Энэ ажлыг аймгийн бусад суманд хэрэгжүүлэхээр хоёр талууд ийн хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.