2019 оны Улсын баяр наадамд залуу арслан Э.Оюунболд торох юмгүй түрүүлж наадамчин олныг баясгав. Гэвч ааг бяр нь аархаж, учраа бүрээ хурууны үзүүрээр өвдөг шороодуулсан Э.Оюунболд нь допинг хэрэглэсэн гэх Үндэсний баяр наадмын комиссын шийдвэр гарав.
Үндэсний баяр наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ—д байрлах итгэмжлэгдсэн лобротарид шинжлүүлдэг билээ. Гэтэл Э.Оюунболд нь өнөөдрийг хүртэл тухайн дээжийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй аархаж яваа. Түүний гомдлын дагуу хуралдах байсан захиргааны хэргийн шүүх хурал хойшлоод байна.
Өнгөрсөн намар Э.Оюунболдын допинг хэрэглэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч өнөөдрийг хүртэл сунжрав. Э.Оюунболд 2020 оны Үндэсний баяр наадамд зодоглох юм биш биз дээ. Цагаан сарын барилдаанд Э.Оюунболд барилдана гэхэд бөхчүүд эсэргүүцэж байсан. Гэвч цагаан сарын барилдаан коронавирусын улмаас болоогүй билээ. Харин Үндэсний их баяр наадамд бөхчүүд барилдахгүй гэж хэлж чадах уу? Эсвэл таг чимээгүй, эсэргүүцэлгүй Э.Оюунболд барилдаж, дахин түрүүлэх үү гэдэг асуулт урган гарч байна.
Э.Оюунболдын асуудлыг Үндэсний бөхийн холбоо шийдвэрлэхгүй. Учир нь тус холбооны тэргүүн нь Э.Оюунболдын багш, Хэнтий аймгийн уугуул, УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Үндэсний баяр наадмын комисс Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхгүй. Хэдийгээр Үндэсний баяр наадмын комиссын дарга нь Шадар сайд Ө.Энхтүвшин боловч түүний хувьд Хэнтий аймгийн уугуул Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлагаар ажиллана. Дээр нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь Хэнтий аймгийн уугуул нэгэн. Ингээд бодох юм бол Э.Оюунболд аархаж байгаад допингтойгоор босч Үндэсний баяр наадамд барилдаж мэдэх нь байна.
Үндэсний баяр наадамд бөхчүүд барилдахгүй хэмээн эсэргүүцэл үзүүлэхгүй л болов уу. Учир нь цол олгодог баяр наадмаа эсэргүүцэж, бойкотлох сэтгэл зүрх бөхчүүдээс гарахгүй гэдгийг бөхийн хорхойтнууд ярьж байна.
Бөхчүүд эсэргүүцэхгүй байхад улс төрчид эсэргүүцэхгүй. Цөөн хэдэн улс төрч шүлсээ үсчүүлэх боловч дээр хэлсэнчлэн Улс төрийн өнгөлж буй Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, дээр нь Үндэсний бөхийн холбооны тэргүүн нь Э.Оюунболдын нутгийн ах нар, багш нар нь байна. Ийм нөхцөлд допингтой гэх ярианы эзэн болоод байгаа аварга Үндэсний баяр наадмын торгон ногоон дэвжээнд дэвэх бизээ.