Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр “Явуулын оффис”-тоо ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй 369 хашаанаас 59 хашааг буулгаж шинэчилсэн, барилга угсралтын талбайн 77 түр хашааг стандартад нийцүүлэн шинэчилж, 16 түр хашааг албадан буулгажээ. Мөн орчны аюулгүй байдал, стандартын шаардлага хангаагүй хотын өнгө үзэмжид нийцээгүй гэх шалтгаантай аж ахуйн нэгж байгууллагуудад болон иргэдэд хашаагаа шинэчлэх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ. Ирэх сарын 01-н гэхэд хотын стандартыг мөрдүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг хийж дуусгах юм.
Хотын Захирагч С.Амарсайхан “Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгч стандартын дагуу хотын өнгө үзэмжид нийцсэн хашаатай болгох, зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстой. Хотын стандартыг мөрдүүлж хэвшүүлэх, иргэд аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг тохижуулж иргэдийн зорчих зам талбай тухтай, орчны аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр ажлуудыг зохион байгуулж байгаа гэдгийг иргэд аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах ёстой” гэдгийг онцолсон юм.
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй явган хүний замтай, бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзсан юм. Тэд хэлэхдээ Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа тайлбарласан юм.Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах үүргийг өгсөн юм.
Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцаллаа
Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан ажиллалаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “ 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг тус компани авч байсан боловч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмших гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй. Одоогийн байдлаар барилгын суурь ухаад орхигдсон байдалтай. Нийтийн эзэмшлийн гудамж талбай руу халдаж зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардлага тавьж байгаа” гэв.
Газар чөлөөлтийн ажлыг даруй хийгдсэн тохиолдолд хороолол дундах орц гарц нээх ажлуудыг эхлүүлэх талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.
Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын төвд овоолсон хог шороотой хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлсөн зөвшөөрөлгүй хашаа хороогоо тэлж нийтийн эзэмшлийн гудамж талбайд халдсан аж ахуйн нэгжийн газрын эрхийг даруй цуцал. Маргаашнаас эхэлж хашааг буулгах, хог шороог цэвэрлэх арга хэмжээг авч холбогдох бүх зардлыг аж ахуйн нэгжээс гаргаж авах хэрэгтэй. Хороолол дундах орц гарцыг гаргаж, ногоон байгууламж тохижилтын ажлыг яаралтай эхлүүл” хэмээн холбогдох албаныханд даалгав.
Нийгмийн идэвхтэй, гаднах орчноо тохижуулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулж үлгэр жишээ байдлыг нь олон нийтэд сурталчлан таниулах ажлыг мөн хийх үүргийг холбогдох албаныханд өглөө.