Шинэ “Гоё босс”-ын хуучны “муухай түүх”

Шинэ “Гоё босс”-ын хуучны “муухай түүх”

“Хас”-ынхны хагарал сошиалд нэвтэрч “гоё босс”-ыг өмөөрсөн фэнүүд нь “Ард” Ч.Ганхуягийг боорлож харагдана. Үнэндээ санхүүгийн салбарт хэн нь жинхэнэ эзэн бэ гэдэг нь харагдаж байгаагаасаа өөр байдаг нь онцлог чанаруудынх нь нэг.

Яагаад Ч.Ганхуяг “өөрөө ганц ч бизнес хийж үзээгүй байж...”хэмээн адилхан “Хас” овогтондоо эгдүүцэх болов. Хүмүүсийн гайхаад байгаагаар бол “Манай Хасын Амартүвшин мундаг шүү” гээд алгаа таших, бусдаар ташуулах байсан бололтой. Гэтэл тэгээгүйн цаана учир байдаг аж. Энэ нь Г.Амартүвшин “банкирын хувьд тэр хэн бэ” гэдэгтэй холбоотой юм биш биз? 

Түүний намтарт “Г.Амартүвшин нь 2014 оны 7 дугаар сараас ХасБанкны Ерөнхий Захирлаар томилогдон ажиллаж байна. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Тэрбээр Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай. Г.Амартүвшин нь хөдөлмөрийн гараагаа ABN AMRO дахь бэлэн мөнгөний менежментийн газраас эхэлсэн бөгөөд улмаар тэндээ Ерөнхий Эрсдэлийн Удирдлагын хэлтэст шилжин оржээ” гэсэн байдаг. 

Гэтэл үнэн хэрэгтээ Казкоммерц банкны эрсдлийг удирдаж байхдаа хүнд байдалд оруулсан гэдгийг банкны салбарынхан сайн мэднэ. Тэрбээр Казкоммерц банкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. ABN AMRO банкны бүтцийн зээлийн хэлтэст ажиллаж байхдаа Европын газрын тос, шатдаг хий, эрчим хүч, харилцаа холбоо гэх мэтчилэн хэд хэдэн өндөр хэмжээний гүйлгээг хариуцан ажиллаж байхдаа мөнгө угаасан байж болзошгүй хэргээр асуудалд орж байсныг Ч.Ганхуяг “Тэнгэр”-тээ ажилд авахдаа мэдээгүй юм байх.

Г.Амартүвшингийн улаан оймсноос өөр “чимэг” нь Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын диплом бололтой. Гэтэл Ч.Ганхуяг тэр үед нь Харвардад лекц уншиж байхад нь Г.Амартүвшин нь эргэж уулзалдаад “наалдчихсан” юм билээ.

Ч.Ганхуягийн хувьд “Хас”-аас “хасагдсан”-ы учир нь тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын Эдийн засаг, хөгжлийн асуудлын зөвлөхөөр томилогдон, хожмоо Сангийн дэд сайдаар ажилласан. Ингэхдээ “Хас” банкны удирдлагын албыг Будапештад төгсөж ирэхэд нь Монголбанкинд ажилд авч байсан М.Болдод итгэж “өвлүүлсэн” байдаг. Магваны Болдоог Ч.Ганхуяг АНУ-аас 2005 онд урьж авчран “Хас”-даа ажилуулж, ачийг нь хариулсан байдаг. Эдүгээ “Хас”-ын удирдлагад ажилладаг М.Болдоо, Г.Амартүвшин, Ч.Ганболд нарт итгэсэндээ мэргэжлийнхээ хүрээнд 20 жил зүтгэсэн “бүтээн босголт”-ын ажлаа хүлээлгэн өгнө гэдэг дэндүү их итгэснийх.

Харамсалтай нь хэдийнэ иргэншил шигээ “элэг нь цаашилсан” Г.Амартүвшин “Хас” банк, түүнээс салаалсан “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “Тэнгэр” даатгал зэрэг үр жимсээ өгч эхэлсэн “мөчрүүд”-ийг Ч.Ганхуягийг сонгуульд ялагдсаны дараа төдөлгүй тасдаж өөрийн найз харийнхны гарт хийсэн билээ. Тухайлбал “Тэнгэр даатгал”-ыг Ойбек Халилов, Файзулла Сайдов гэх Узбекуудын гарт хийж өгсөн. Энэ утгаараа Г.Амартүвшин өөрөө гадаадын иргэн төдийгүй өөрийг нь харийн нутгаас ирэхэд ажил өгсөн Ч.Ганхуягийн эхлүүлсэн бүхнийг “унагаж тусалсан” гэхэд хилсдэхгүй. Үүнд “Хас” банкны 50 хувь монголчуудад ирэх гэж байхад зугтаалгасан, “Ургах наран” хорооллын газрыг шүүхдсээр байж авсан, туршилтаар маш амжилттай явж байсан тэтгэврийн сангийн ажлыг хүчээр унагааж, Хас-ийн ажиллагсадын хувьцаа эзэмшдэг компанийг хүчээр тараах гэж оролдсон гээд нэрлэвэл олон бий. Бас Ч.Ганхуягтай харилцдаг байсан гадаад сувгуудыг тасалсан гэхчлэн “ачийг бачаар” хариулахын тод жишээг харуулсаар иржээ. Өнөөдөр “Хас” банкны 80 хувь ямартай ч гадныхны гарт байдаг нь хэнд ч нууц бишээ. 

“Үйл хэрэг, найз нөхөд, Эх орон, эхнэр хүүхдээсээ урвасан хүнтэй юу? Надад ярих юм байхгүй” гэж Ч.Ганхуяг жиргэж байсан. Түүний жиргээ үнэнийг хэлчихсэн юм. Учир нь Г.Амартүвшин “картын барааны” ид хэцүү үед гадаадад дүрвэж амьдрах болсон, хожим нь Голландын иргэн болсон, эхнэр, ихэр үрсээ орхисон нь ч харамсалтай нь үнэн. Энэчлэн бидний нүдэнд харагдаж байгаагаасаа өөр дүр төрх “Шарк” Г.Амартүвшингээс тодорч байх юм. Түүнийг нь эхлүүлсэн бизнесийг нь босгох биш нураагаад байдагт гомдсондоо Ч.Ганхуяг төөрөлдөөд байгаа фенүүдэд нь задалж тэсрэх шиг боллоо. Тэдний зөрчил нийтэд хамаагүй гэж болох ч стратегийн онцгой салбар болох банкны салбарт, арилжааны нэгэн банкийг гадаадын иргэнээ нууж, Монголын хуулийг зөрчиж ирсэн хүн удирдаж, түүгээр нь төрийн үйлчилгээ үзүүлдэг хүрээ “ямх ямхаар” тэлж, ААН, иргэдийн хадгаламж атганд нь багтаж байгааг анхаарч нягтлахад илүүдэхгүй болов уу. 

эх сурвалж: toimch.mn

нийтэлч У.Оргилмаа