Зам тээврийн ослын улмаас хүүхдүүд жилд хэдэн арваараа амь насаа алдаж, эсвэл бэртэж, гэмтэх боллоо. Өдөр ирэх тусам сураггүй алга болсон гэх хүүхдийн тоо ч нэмэгдэх болов. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан сураггүй алга болсон иргэдийн жагсаалтаас харахад алга болсон хүүхдийн тоо сэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ. Харин зам тээврийн осолд 685 хүүхэд өртөж, 121 хүүхэд гэмт хэргийн золиос болж, амь эрсэдсэн байна. Даанч дээ. Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад ердөө 6740 хүүхэд хамрагдсан гэх харамсмаар статистик бий. Эндээс харахад л Улаанбаатар хот хүүхдэд дэндүү халтай хот болжээ. Үүнээс гадна агаар, хөрсний бохирдол, халдварт өвчин гээд тоочвол бараан мэдээ дуусахгүй. НҮБ-аас хийсэн аз жаргалтай хотын судалгаагаар гэхэд Монгол Улс 190 орноос 150-д бичигдсэн.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) Улаанбаатар хотод хийсэн дүрс бичлэгийг өөрсдийн цахим хуудсанд байршуулсан байхыг олон сая хүн үзсэн нь лавтай. Түүнд есөн настай Нандингийн амьдралаар дэлхийн хамгийн хүйтэн, бас хамгийн их утаатай хотуудын эхний аравт багтах Улаанбаатар хот хүүхдэд тун ээлгүй хот болохыг харуулсан байлаа. Уг бичлэгийг хоёрхон өдөрт хагас сая орчим хүн үзсэн гээд бод. Дүрс бичлэгт 2014 онд утаанаас болж 130 хүүхэд амь насаа алдсан гэх тоо баримтыг онцолсон. Өнөөдөр Улаанбаатар хот өвөлдөө утаагаар, зундаа тоос шороогоор иргэдээ хордуулж, үүнээс улбаалан халдварт өвчний гаралт ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Орчны бохирдолд хамгийн их хохирдог нь агаарт дэгддэггүй хүнд металлуудаар амьсгалагч хүүхдүүд. Үүгээр ч зогсохгүй зам талбай, орчны тохижилт, камержуулалт зэрэг их хотын зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалт бүрэн хийгдээгүй. Үүнээс болж хүүхдүүд хамгийн их хохирол амсаж, хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг холбогдох байгууллагаас мэдээллэх төдий.
• Өнгөрсөн онд гэмт хэргийн халдлагад 1757 хүүхэд өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 417 нэгжээр буюу 31.1 хувиар өссөн дүн юм.
• Хүүхдэд зориулсан бүхнээ төр засаг нь эргүүлээд авчихсан. Хүүхдийн гэх торойх зүйл хүүхдийн паркаар л хязгаарлагдаж байна.
• Сүүлийн таван жилд гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүүхэд эндсэн харамсалтай мэдээ бий.
Тодруулбал, өнгөрсөн онд гэмт хэргийн халдлагад 1757 хүүхэд өртөж хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 417 нэгжээр буюу 31.1 хувиар өссөн дүн юм. Энэ бол хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ тааруу байгаатай шууд холбоотой. Дэлхий дээр 5.5 сая хүүхэд иргэний дайн, зөрчилдөөний хөлд үрэгдэж гэр оронгүй, дүрвэн амьдарч байна. Гэтэл манай улсад иргэний дайн гарч, дотоодын зөрчил тэмцэл, байнга дэгддэг орноос илүү шахуу хүүхдийн эсрэг гэмт хэрэг гаарч, тэдний амь нас харамсалтайгаар үрэгдэж байна. Цагийн сайханд элдэв араатан шиг авирлах хүмүүс ховор, айж ичих зүйлгүй амар тайван амьдардаг байв. Хүүхдийн цэцэрлэг сургуулиас гадна номын сан, Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр, Гандангийн хүүхдийн эмнэлэг, пионерын зуслан, хүүхдийн парк гээд хүүхдэд зориулсан олон төвүүдийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг байв. Гэвч хүүхдэд зориулсан бүхнээ төр засаг нь эргүүлээд авчихсан. Хүүхдийн гэх торойх зүйл хүүхдийн паркаар л хязгаарлагдаж байна. Нисэх орчимд хүүхдийн эмнэлэг барих ажил олон жилийн өмнө эхэлсэн ч өнөөдрийн байдлаар төсөв мөнгө хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар араг яс л сүндэрлээд хоцорч. Үүнээс гадна үзвэр үйлчилгээний нэг төв байсан байгалийн музей нь үүд хаалгаа бариад удаж буй.
Товчхондоо, Улаанбаатар хотод сүндэрлэж байсан хүүхдийн гэх тодотголтой ихэнх төвийг үгүй хийчихсэн. Байгаа хэд нь гарын таван хуруунд багтахаас гадна орчны тохижилт, засвар үйлчилгээ нэг ч хийгдээгүй хуучин төрхөөрөө үлджээ. Түүнчлэн шил шилээ харан шавааралдсан өндөр барилгын дунд ганц модон саравч барьчихаад хүүхэд тоглох талбай хэмээн нэрлэдэг. Эцэс сүүлдээ зай талбай олдохгүй болохоор сургууль, цэцэрлэгийн талбай руу шунадаг болоод удаж байна. Албаны хүмүүсээс энэ талаар асуухад завгүй гэсэн ганцхан үгээр бамбай хийж, бултаж байна. Итгэхэд бэрх ч гэлээ Улаанбаатар хотод хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт огт хийгдсэнгүй. Аз жаргалтай Улаанбаатар гэж нэрийдсэн хэдэн төмөр хөшөөнөөс өөр зүйл алга. Тоглоомын талбай нь эвдэрч хэмхэрсэн тоглоомоор дүүрэн, эмнэлгүүдийнх нь ор хүрэлцэхгүйн улмаас хүүхдүүдээ коридорт хэвтүүлэн эмчилдэг. Ийм дүр зураг энгийн үзэгдэл болжээ. Ингээд бодохоор өнөөдөр хүүхэд өдөр тутамдаа айдас, болгоомжлолтой нүүр тулж байна.
Сүүлийн таван жилд гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүүхэд эндсэн харамсалтай мэдээ бий. Хүүхдэд халтай төлөвлөгөө боловсруулж, баталж, хэрэгжүүлж буйн золиосыг хүүхдүүд амь насаараа төлж байгаа нь энэ. Өнөөдөр хүүхдээ өглөө гараад орой орж ирэхгүй байхыг үгүйсгэх аргагүй ийм л нөхцөл байдал хэдийнэ бүрдчихжээ. Энэ цаг үед хамгийн хүнд хэцүүг үүрч байгаа хүмүүс бол хүүхэд. Хэзээ хүүхдийнхээ ирээдүйн төлөө харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг харгалзан үзэж, хүүхдэд зориулсан орчныг бүрдүүлсэн амар тайван хотод амьдрах юм бол.
эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин