Бага насны хүүхэд түлэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох үзэгдэл буурахгүй байна. Энэ нь эцэг, эхчүүд болон асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхих, хүүхдүүд тоглож байгаад халуун ус татах, хүүхдийнхээ гар хүрэх газар халуун хоол цайгаа тавьсаны улмаас татаж унагах зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй аж. Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт болоод байгаа нь харамсалтай. Жилдээ ГСҮТ-д түлэгдэлтээр нийт 4059 хүн яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Түүнчлэн нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан гэх судалгаа байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, харин үлдсэн 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Дийлэнх нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байжээ.
Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдэлтийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг аж. Иймээс зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдрах эрсдэлийг дагуулж байна. Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байгаа нь энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болжээ.