Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

 Энэтхэгээс захиалгат нислэгээр 219 лам хүүхдийг эх орондоо авч ирнэ

БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.

Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.

Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан  тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын ШШ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайдад даалгав.

“Олон Улсын Найрамдал-2” зуслан байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил хамгаалал Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газар “Олон Улсын Хүүхдийн Найрамдал-2” зусланг байгуулахаар шийдвэрлэлээ.

ОУ-ын Найрамдал-2 зусланг байгуулснаар хүн амын 36.8 хувийг эзэлдэг хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

Байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын бүс нутаг дагасан эко, ногоон орчин түшиглэсэн хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хангасан, нэг ээлжиндээ 500 хүртэлх хүүхэд хүлээх авах хүчин чадалтай байхаар тооцсон аж. 

Хүүхдүүдийн хөгжих, оролцох эрхийг хангаж, үндэсний өв соёл, уламжлалаараа бахархах, эх оронч иргэн болон төлөвшихөд нэн чухал үүрэгтэй. Мөн олон улс, үндэстний хүүхэд багачуудаар дамжуулан Монгол орноо дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

2019 оны байдлаар Улсын хэмжээнд 39 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаагаас 14 нь төрийн өмчийн, 25 нь хувийн хэвшлийнх байна. Эдгээрт зусланд амрах насны нийт хүүхдийн 22,5 хувь нь хамрагджээ. Иймд хамран сургалт хангалтгүй байгаа тул цаашид аймаг бүрт хүүхдийн зусланг барих асуудлыг судлан шйидвэрлэх нь зүйтэй гэв.  

529 айл, өрх орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авна

ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол батлав. 

Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа нь үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой  болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна. Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ. 

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй. МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ.

Иймд ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх 5 зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28,6 хувь болж өссөн бөгөөд 17,6 хувийг орон нутгийн, 23,9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна. Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь  тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.

Товчоор

-  Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжил ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгохоор журамлав

-  “Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөөтэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгаж, Засгийн газрын тэмдэглэл гаргав. Тус үйлдвэр жилд 1500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй,  120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–ээс дээш хувийн эрх ашиг хохирох аж. Иймд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

-  УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноос болж БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.

-  АНУ-д коронавируст халдварын цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэхэд зориулж, нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв

-  Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзан технологийн дэвшил, инновацийг ашиглан гарааны бизнес эрхэлж буй иргэдээ дэмжихээ илэрхийлж, ГХ-ны сайдад зарим үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд ГХ-ны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас зарим гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд мэдээллийн технологи, инновацийн асуудал хариуцуулахаар төсөл боловсруулж, танилцуулсныг дэмжин зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.