Ц.Элбэгдорж-М.Энхболд нарын нөхөрлөлд цэг тавигдлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгаж төрд буцаан авна гэсэн шийдвэрийг ажлын хэсгээс гаргасанаараа ийнхүү энэ хоёр эрхэмийн нөхөрлөл дууслаа гэж тайлбарлаж болохоор байна. Тэдний нөхөрлөл нэг нь Ерөнхийлөгчийн суудлаас бууж , нөгөө нь Ерөнхийлөгч болох хүртэл шадарлах учиртай байсан байж ч болох юм. Эсвэл түүнээс ч удаан хугацааны найрамдал бат харилцааг эхлүүлсэн гэж итгэж суусан байх талтай. Харин тэр нөхөрлөл нь өнөөдөр ан цав үүсэх нь тодорхой боллоо. Харин энэ хоёрын энэ тулааны хажуугаар нэгэн эх оронч тодрох нь гарцаагүй ээ.
Ц.Элбэгдорж ба Эрдэнэт 49%
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг Ц.Нямдорж сөхөж ярьсны дараа Ц.Элбэгдорж 2016 оны 10 сарын 06 өдөр мэдээлэл хийж байлаа.
Ц.Элбэгдоржийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй. Гадны талд байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн гэж харж байна гэсэн тайлбар нь уг үйл явц зөв зүйтэй алхам гэсэн ойлголтыг өгчихсөн.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэг бус удаа тайлбар өгөхдөө Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтанд Ц.Элбэгдорж оролцсон гэж хэлсэн. Үүнийгээ ч өөрөө өчсөн байдаг.
Энэ бол өнгөрсөн хэрүүл. Харин маргаашийн хэрүүлд Ц.Элбэгдорж ямар үг,үйлдэл гаргах нь тодорхой бус байна.
Тэд зүгээр суухгүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан талын зүгээс яагаад ч зүгээр сууж байгаад өгөхгүй. Тэгэхээр тэдний тал, улс төрчид уушиг цээжээ дэлгэн үзэлцэх нь гарцаагүй. Магнайд нь хэн цойлох вэ? Ц.Элбэгдорж уу? Эсвэл МАН-ын Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар уу?
М.Энхболд ба Эрдэнэт 49%
М.Энхболд бол Эрдэнэтийн 49%-ийг худалдсан асуудалд шууд бус утгаар холбоотой. Өмнө нь уг асуудлыг тэр мэдсэн. Ямар журмаар яаж явсан тухай гадарласан. Харин өнөөдрийг хүртэл тэр энэ тухай байр сууриа тодорхой илэрхийлээгүй л явна. М.Энхболд бол бусад улс төрчид шиг ил тоглож эх оронч дүр эсгэхгүй. Харин хөшигний цаана асуудлаа шийдэж, үйлдэл үг бүрээ тэнд л хэлнэ. Ц.Элбэгдоржтой шадарлаж намаа ялалтанд хөтөлсөн гэж олон хүн түүнийг харж байгаа. Харин тэр өнөөдөр замаасаа нүүр буруулж өөр эрх ашгийг илүүд үзчихлээ. Тэгэхээр тэр эх орончийн дүр эсгэж Эрдэнэтийн асуудалд гараа хутгахгүй. Үгээ ч хэлэхгүй. Харин түүний хувьд хөшигний цаанаас бүхнийг удирдаж, хөөрүү нэгнээр бамбай хийх нь гарцаагүй. Түүний ийм үйлдлийг эртнээс төлөвлөн гаргаж ирсэн гэдгийг гэрчлэх жиргээг та харж болно.
Энэ бол М.Энхболд цаанаа асуудлыг шийдэж наанаа олны итгэлийг өөртөө дасгах гэсэн алхам. Тэр 2017 оны 6 сард болох сонгуулийн дүнг өөртөө нааштай эргүүлэх нь гол бай нь.
Ш.Раднаасэд эх оронч уу?
Улс төрийн том тоглолтын цаана заавал нэг эх оронч төрдөг. Бүх галыг өөртөө авч. Бас бүх эрсдлийг өөртөө үүрнэ. Ялж чадуул тэр эх оронч болно. Монголын улс төрчдийн тавилттай жүжигт ялагч нь тэд, ялагдагч нь түмэн олон болж хувирдаг билээ. Тэгэхээр Ш.Раднаасэд бол эх орончийн дүртэй ялагч. Тэр Эрдэнэтийн 49 хувийг төр буцаан авах ёстой гэж ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасанаараа ийм алхамаа хийчихлээ. Бизнес эрхлэгчээс өмчийг нь төр булааж болно. Тэр нь ард түмний төлөө юм гэсэн ухагдахууныг аргаж ирэх гэсэн оролдлого байж болох талтай. Яг үнэндээ үнэхээр ард түмнээ бодсон шийдвэр үү эсвэл гэдэг асуулт урган гарах нь гарцаагүй. Хожим Ш.Раднаасэд эх оронч байсан уу эсвэл өөрийгөө таниулах гэсэн шийдэмгий алхам хийсэн улс төрч байв уу гэдгийг бид харна.
Цусгүй тулаанд Шонхорууд нисэх үү? Эсвэл...
Энэ тулаанд сөрөг хүчний 9 гишүүн тэргүүн эгнээнд цээжээ дэлдэнэ. Тэднээс Ж.Батзандан л буруу ишэлсэн сүх шиг хазайх болов уу. Харин үлдсэн хэд нь хувийн өмчийг төр булаах ёсгүй гэсэн өнцөгөөс тайлбарлаж, асуудлыг эргүүлэх гэж зүтгэнэ.
УИХ дахь 65 бүлгээс ч ийм өнцөг барьж ярих гишүүд бий. Тэдний эхлэл нь Б.Дэлгэрсайхан гишүүн байлаа. Түүний хувьд ажлын хэсэгт багтсан нэгэн. Төр хувийн хэвшлээс хөрөнгийг нь авна гэсэн шийдвэрт гарын үсэг зурахгүй гэж үзжээ. Тэр утгаараа ажлын хэсгийнхээ дүгнэлтэнд гарын үсэг зураагүй ээ. Үүнийгээ ч тайлбарлаж албан бичиг явуулжээ.
Түүнтэй нөхөрлөх хүмүүс нь Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан гэх мэт бизнес эрхлэгчид байх болов уу? Ч.Хүрэлбаатар аль эрт хамгаалаад дугарчихсан.
М.Энхболд гол хүчээ Ш.Раднаасэд нар дээр төвлөрүүлэх нь гарцаагүй. Түүний хувьд Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нараар тугаа хийж тулаанд орж ирлээ. Одоо урагш сөөм сөөмөөр давшлах нь гарцаагүй. УИХ-аас ямар шийдвэр гаргах вэ? Энэ л цусгүй тулааны ялагчийг хааш нь чиглүүлэхийг шийднэ