ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭЭС ҮЗЭГЧИД ИХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭЭС ҮЗЭГЧИД ИХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Сарын дараа үндэсний их баяр наадам болно. Энэ жил улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрт хүрээд байгаа. Ийм нөхцөлд наадам ямар хэлбэрээр зохион байгуулдах, ард олон наадмаас юу хүлээх вэ гэдэг асуулт урган гараад байна. Энэ талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлж Цагаан сараа та бид тэмдэглээгүй. Харин зуны дэлгэр цагт үндэсний баяр наадмаа тэмдэглэнэ.  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмыг тасалдуулалгүй уламжлал ёсоор зохион байгуулахаа мэдэгдсэн.  технологийн дэвшил, шийдлийг ашиглан цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газарт үзэгч аваачихгүйгээр наадмаа хийхээр болсон билээ. Нэг үгээр хэлбэл үзэгч телевиз болон бусад сувгаар дамжуулан наадмаа үзнэ гэсэн үг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо удахгүй дахин хуралдаж энэ жилийн Үндэсний баяр наадмын төсөв болон асуудлыг шийдвэрлэх юм байна. 2019 оны Үндэсний баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг байсан бол энэ жил цар тахалтай холбогдуулан энэ дүн өсөх эсэх нь эргэлзээтэй байна. Үзэгчдийн хамгийн их хүлээдэг наадмын нээлт хаалт ямар найруулгатай, хэрхэн өгүүлэмжтэй байх тухай асуудал хөндөгдөх юм. Өнгөрсөн жилийн наадмын нээлт үзэгчдэд таалагдаагүй бөгөөд шүүмжлэл дагуулсан билээ.

Иргэд наадмын нээлт үзүүштэй, бас жуулчдын нүдийг хужирлах, шинэлэг байгааасай гэж хүсч байна. Хамгийн гол нь хэдэн хүн гараад цэнгэлдэх тойроод гүйгээд байдаг хуучин арга барилаасаа татгалзах тухай ярьж байна. Ийм нөхцөлд наадмын найруулагч нь хэн байх вэ гэсэн асуулт урган гарч байна. Нийгмийн сүлжээнд найруулагч нарыг нэрлэж, уралдуулаад эхэллээ. . 2019 оны  наадмыг "Хувьсал"-ын Г.Цогтгэрэл найруулсан нь үзэгчдэд гологдсон. Жишээлбэл, Монголын хөгжлийг яс мэлхийтэй зүйрлэлээ гэсэн шүүмжлэл олон нийтээс багагүй гарч байв.  Түүний өмнө УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар гурван жил дараалан наадмыг найруулсан. Гэвч, мөн л хуучинсаг, хайрцагнаасаа гарч сэтгээгүй гэх гомдлыг наадамчид тавьдаг байв. Тиймээс энэ удаад наадмыг хэн сонирхолтой, найруулах вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.