Эрдэнэтийн 49 хувийг шалгах үйл явц улам л ээдрээтэй болж эхэллээ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эсэх асуудлыг шийдэхгүй. Цаана нь нуугдаж байсан зүй бус, хууль бус бүхнийг ил гаргаж ухаж төнхөх нь. Үүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” ХХК-ийн гол хөрөнгө оруулагч Худалдаа хөгжлийн банкны тухай юм. Тус банкны 93 хувийн хувьцааг Эрдэнэбилэг гэгч эзэмшдэг. Түүний хувьд банкны тухай хуулийг зөрчиж өөр банкны хувьцааг мөн эзэмшиж байна. Тодруулах юм бол Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99,1 хувийн хувьцааг эзэмшиж байна. Нэг банкны гол хувьцаа эзэмшигч өөр нэг банкны гол хувьцааг эзэмших ёсгүй. Гэтэл ийм завхралыг энэ хүн нүдэн дээр хийж байхад Төр дуугүй сууж болохгүй гэж Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах үйл явцыг шалгах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд үзэж байна. Иймд энэ асуудлыг Монгол банк анхааралдаа авч шийдэх нь зөв гэлээ.
Тэгэхээр Эрдэнэбилэг гэгч эрхэм Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах гэсэн биш бүр баларч мэдэхээр дүр зурагтай нүүр тулав. Зүгээр л эзэмшиж байсан хоёр банкны хувьцаатайгаа үлдэх үү эсвэл Эрдэнэтийн 49 хувийг төрд чимээгүй буцааж өгөх үү гэсэн номин тулгуур мэхэнд орж буланд шахагдаж магад үгүй байна.