Ардчилсан нам аврал ирж байна. АН аврагдах ёстой. АН бүлэглэлээс ангижрах ёстой. АН ёроолдоо хүртэл унаж байж цэвэрших цаг нь болно. АН ялагдах нь Ардчилал аврагдах үндэслэл болно гэх явган яриа 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө болж байв. Тэр ёсоор л Сонгуулийн дүн гарч Ардчилсан нам УИХ-д арай чүү 11 суудал авч бүлэгтэйгээ үлдлээ. Одоо тэд хэрхэх вэ?
Ардчилсан намын аврал нь ямар дарга болохоос шалтгаалж 2020 оны орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцоно гэх яриа явж байна. Үнэн. Гэхдээ аврал хайсан АН-ынхан даргаа хуучин өвөө нараасаа хайх хэрэггүй. Тэд үеэ өнгөрөөж, өрнүүлэх улс төр нь бие биенээ хэмлэхээс хэтрэхгүй болсон гэдгийг 2016-2020 оны улс төрийн сонгууль, өрнөж буй үйл явдал бүхэн нь харуулчихлаа.
2016 онд Ардчилсан нам ялагдал хүлээж, эрх баригч намаас цөөхөн суудалтай сөрөг хүчин болж унав. Сөрөг хүчин болсон АН эрх баригч намын алдаа, бодлогыг засч залруулах бус бүлх залгисан мэт дуугүй суух. Эсвэл хоорондоо хэмлэлдэж, хэдэн өвөө нарынхаа хэрүүлийг харж суухаас хэтэрсэнгүй. 2012-2016 онд эрх барьж байхдаа хийсэн сайн ажлаа хэдэн хувьчлал нэртэй бүлэглэлд шилжүүлсэн төрийн өмчийг авсан луйврынхаа шуугианд даруулчихлаа. Энэ мэтээр АН сөрөг хүчний дүрд тоглож чадалгүй тайзнаас буусны горыг 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд амсав. Тэд дахиад л 11 суудал чүү ай авч ялагдлаа хүлээн зөвшөөрөөд сууж байна.
МАН лидертэй, АН лойдортой
2016 онд МАН ба АН гэх намуудад лидер буюу намын дарга нь ижил зиндаатай, бараг л нэр хүндээрээ АН-ын дарга нь илүү мэт харагдаж байлаа. Харин 2020 оны Сонгуульд МАН цойлсон лидер улс төрчөөр тугаа мандуулсан, харин АН лойдор улс төрчөөр нүүрээ халхалсан буюу зөвхөн бүлэглэлд идүүлсэн байдлаар сонгуульд оров. МАН-ын дарга У.Хүрэлсүх 29 тойргоор хөндлөн гулд алхаж, хүн бүртэй гар барьж суухад АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгт шигдэж, байс хийгээд л төрийн ордонд хэвлэлийн хурал маягтай хэдхэн хүн дагуулсан хийрхэл хийж суулаа. Үр дүнд нь У.Хүрэлсүхийн очсон тойрог бүрт МАН үнэмлэхүй ялалт байгуулж, харин АН өвдөг шороодов. Баянгол дүүрэгт шигдсэн АН-ын дарга С.Эрдэнэ хүртэл унаж, эзэлсэн гэх тойрог нь С.Эрдэнэд ҮГҮЙ гээд хэлчихлээ.
Алдааг одоо бүү ярь
АН-ын алдаа ойлгомжтой. Одоо алдаагаа ярьж, буруутанг хайгаад хэрэггүй. Тэртэй тэргүй АН бол дүрэмтэй нам. Тэр дүрэм ёсоороо С.Эрдэнэ ба түүний багийнхан албан тушаалаасаа огцорчихлоо. С.Эрдэнэ намын даргын эрх, үүргээ Ц.Туваанд шилжүүлчихэв. Энэ бол түр зуурынх. Ц.Туваан ч бас хариуцлага хүлээх ёстой хүн. Тэр учир нь өнгөрсөн он жилүүдэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Одоо АН-ын дэд дарга гэх сэтэртэй яваа. Тиймээс тэртээ тэргүй Ц.Туваан хариуцлага хүлээж АН-ын удирдлагаас буух ёстой. Дэвшиж, нам толгойлно гэж мөрөөдөх ч хэрэггүй. Гишүүний ажлаа л сайн хийвэл боллоо.
Өвөө нар АН-ын аврагч биш
Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ? Хэн дарга болж аврах вэ? Гэх асуултыг АН-ын гишүүд дэмжигчид асууж байна. Мөн нөгөө талдаа нийгэм бүхэлдээ ажиглаж эхлэв. АН-ын дараагийн дарга нь Н.Алтанхуяг байх ёстой гэх мсж цацаж эхлэв. Н.Алтанхуяг сайн улс төрч, хамгийн ажил хэрэгч Ерөнхий сайд байсан. Гэхдээ тэр одоо АН-ын дарга бол биш. Харин АН-ын дараагийн даргад дэмжлэг үзүүлэгч, түших улс төрчийн нэг байж болох юм. Түүнээс аврагч нь бол Н.Алтанхуяг биш шүү.
1970-аад оныхон АН-ын аврагч нар бас л биш. Л.Гантөмөр, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ц.Туваан гэх мэт АН-ын 70-аад оны улс төрчид бол С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нартай яг ижилхэн. Тэд улиг болсон дүр. Өвөө нараасаа илүү гарч чадаагүй, тэдний хоронд идэгдэж, бас адилхан өтчихсөн хүмүүс. Бүлэглэл, фракцид идүүлчихсэн бөөн но-той нөхөд. Тэднээс аврал хайх юм бол АН-д өөрчлөлтийн салхи сэвэлзэхгүй. Харин ч уналтын шуурга улам бүр эрчийг авах биз дээ.
АН-ын удирдлага нь цоо шинэ залуу хүн байх цаг
Ардчилсан намын удирдлагад 1980-аад оныхон толгой цохиж гарч ирэх цаг болжээ. Гэхдээ цүнх баригч, эсвэл аль нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан нэгэн бол биш. Жишээ нь сая УИХ-ын сонгуульд хаалгаар бус тооноор орж ирээд нэр дэвшиж буй Долгион мэтийн нөхөд бол биш. Харин хүүхэд байхаасаа энэ намын төлөө гүйж, оюутан цагтаа энэ намын төлөө жагсч, залуусын дуу хоолой болж АН-д зүтгэж яваа тэр хүмүүсийн нэг байж болох юм.
АН-ын дараагийн даргад өрсөлдөх үүрэгтэй хэд хэдэн залуус байна. Тэдний нэг нь хором зуурын албан тушаалд хойчоо харалгүй гүйснийхээ гороор жагсаалаас мултарч байх шиг байна. Энэ бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэдэн сар ажиллаад сонгуулийн дүнгээр мултарч буй Ц.Баатархүү. Тэр намын дарга болно гэж бодох эрхтэй байсан ч одоо бол боломжгүй. Нэгэнт хэдхэн сарын албан тушаалд очиж, ах нартаа хууртсан учир гомдолгүй.
АН-ын дараагийн даргад очиж болох олон залуус АН-д бий. Хэлтэй бол хэлтэй, харизмтай бол харизмтай, хамгийн гол нь улс төрд зүтгэсэн туршлагатай, унаж босч, ялалт, ялагдлын үр шимийг мэдэрчихсэн залуус тус намд байна. 1980-аад оны залуусын хувьд ах нарынхаа сүүүдрээс эхлээд гарах ёстой. Ц.Элбэгдоржийн, С.Эрдэнийн, Сахал Эрдэнэбилгийн, Н.Алтанхуягийн гэх суганы үснүүд гэх гуншингаасаа салсны дараа намынхаа даргын төлөө тууштай зүтгэж, 11 суудалтай ч Ардын намыг айлгаж чадах сөрөг хүчинг бий болгох ёстой. Түүнийг 1980-аад оныхон л хийнэ.
МАН-ын ялалтын хөдөлгүүр нь У.Хүрэлсүх мэт боловч тус намын гал тогоог сахиж, ялалтын стратегийг зурж, хөзөр атгаж, хүссэн дүрмээрээ тоглож чадаж буй улс төрч бол Д.Амарбаясгалан. Тэр л 2016 онд МАН-ын 65 суудлыг ард чимээгүй л удирдаач хийсэн. Тэр л У.Хүрэлсүхийг намын дарга болгож, Ерөнхий сайдын суудалд суулгах улс төрийн эсэргүү тоглолтын удирдаач хийсэн. Тэр л өнөөдрийн У.Хүрэлсүхийг бий болгож, мөн өнөөдрийн 62 суудлын гол зангилааг хийсэн. МАН-ын удирдаач нь 1980 ны залуу байна. АН-ын удирдаач нь 1950-1970 оныхон байж яагаад ч болохгүй нь дээ.