З.АРИУНЖАРГАЛ: Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийдэг гэх ойлголтыг хална

З.АРИУНЖАРГАЛ: Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийдэг гэх ойлголтыг хална

УНТЭ-ийн Нийгмийн эрүүл мэнд Тандалтын албаны дарга З.Ариунжаргалтай ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын нэгдүгээр төв эмнэлэг саяхан “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад оруулсан. Энэ төвийн талаар ярилцлагаа эхлүүлье. 

- Сайн байна уу. Та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь хагас бие даасан байдалруу шилжсэнтэй холбоотой хийгдсэн нэг том ажил бол олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг өнгөрсөн зургаан сард ашиглалтад орууллаа. “Эрүүл мэндийг дэмжих төв” нь амбулаторийн тусгай үйлчилгээ бөгөөд 20 орчим төрлийн оношилгоо, шинжилгээг хийж байна. Тус төв нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ, үйлчилгээг дөрвөн төрлийн тусгай багцаар үзүүлэх бөгөөд иргэд өөрт хэрэгтэй багцыг сонгон, ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар үзүүлж болно. 

Эрүүл мэндийг дэмжих төв нь зөвлөх болон тэргүүлэх зэрэглэлийн, доктор, профессор цолтой чадварлаг, туршлагатай, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн баг иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг чанарын өндөр түвшинд, олон улсын зэрэглэлд хүрсэн, тав тухтай тохилог орчинд, таны хүссэн цаг хугацаанд, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппаратууд ашиглан түргэн шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж үйлчилж байна. 

- Тус төвийн онцлог талыг дурдвал. Хэдэн төрлийн үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой вэ?

-Орчин үед иргэд ажлын ачаалал, бас бус зүйлээс болоод эрүүл мэнддээ төдийлөн цаг зав гаргах нь багассан. Тэгвэл манай Эрүүл мэндийг дэмжих төв нь энэ бүхнийг багасгаж, ард иргэдэд хүндрэл чирэгдэл багатайгаар эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхэд оршиж байна.

Эрүүл мэндийг дэмжих төв маань 17 кабинетаар цагт 15-20 хүн, өдөрт дундажаар 100-130 хүн үзлэг оношилгоо хийх бүрэн боломжтой юм.

Бидний давуу тал бол 

  •  Тасаг нэгжүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн
  • Тухайн хүний онцлогт тохирсон багцын шинжилгээний сонголтуудтай
  • Шинжилгээ, оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон
  • Үйлчлүүлэгчдэд зовиур багатай үйлчилгээ болох унтуулгатай дурантай
  • Цэвэр цэмцгэр, ая тухтай, тухлаг орчин
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын үзлэг, шинжилгээний цогц дүгнэлт зөвлөгөө
  • Хувь хүний онцлогт тохирсон эрүүл амьдралын дэглэм, зөв хооллолтын мэргэжлийн зөвлөгөөг өгнө. 

Мөн таны эрүүл мэндийн мэдээлэл манай эмнэлгийн мэдээллийн санд хадгалагдах бөгөөд мэдээллийн нууцлалыг чанд сахина. 

Бид үйлчлүүлэгчдээ эмч нарын үзлэг шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шаардлагатай давтан шинжилгээ хийх, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад оруулах, мэс засалд оруулах зэрэг нэмэлт эмчилгээ, үйлчилгээг хийх боломжтой.   

Arslan.mn

-Дэмжих төвийн зохион байгуулалт их таалагдлаа. Иргэдийн ая тухыг илүүтэй хангасан гэмээр.  

- Бидний хувьд Эрүүл мэндийг дэмжих төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийгээд орхидог гэсэн уламжлалт өрөөсгөл ойлголтыг халах, шинэ чанар, стандартад хүргэх, бодит үр дүн рүү чиглэсэн, тав тух, үйлчилгээг бүрэн хангасан байхаар төлөвлөн зохион байгуулалт хийсэн. Авч байгаа шинжилгээний хувьд Лабораторид цус, шээс, биохимийн шинжилгээг авч, ходоод, бүдүүн, шулуун гэдэс унтуулгатай болон унтуулгагүй дурангийн шинжилгээг хийж байна. 

Мөн хэвлийн эхо, судасний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох эластографи зэрэг дүрс оношилгоог хийдэг. 

Рентген, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн эмчийн оношилгоо, тархины цахилгаан бичлэг, сонсголын бичлэг, нүдний хараа тодорхойлох, уг дурандах, нүдний даралт үзэх, шүдний эмчийн үзлэг зөвлөгөө болон эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөөг хийж байна. Үзлэг оношилгоонд орсон хүмүүст сонгосон багцуудын дагуу эмч нар нь ирж зөвлөгөө өгөх болно.

Үзлэг оношилгоонд 100-аас дээш хүн хамрагдсан тохиолдолд 5 хүнд үнэ төлбөргүй өвчлөлийн байдлын дагуу компьютер томограффийн /тодосгогчгүй/ оношилгоонд хамруулдаг. 

-Улсын ганц хоёр эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа харагддаг л даа. Тэгэхдээ шүдний багц үзлэг байдаггүй юм билээ. 

-Тийм шүү. Манай дэмжих төв нь шүдний багц үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр иргэд маш олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон гэсэн үг. Дэмжих төв хамгийн сүүлийн үеийн шинэ төрөөхөрмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд эмч, техникчид маань бүгд сургалтанд сууж, дадлагажсан. Цаг үетэй холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартайгаас гадна түргэн байлгах шаардлагатай болсон бөгөөд бид  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд хурдтай, цаг хэмнэсэн, чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж байна. 

-УНТЭ цахим хэлбэрт шилжээд нилээд олон жил болсон. Тэгэхээр дэмжих төвд үзүүлсэн иргэдийн материалууд мөн хадгалагдаж үлдэх үү?

- 2006 оны нэг дүгээр сараас эхлэн  амбулаториор үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон амбулаторийн оношийн мэдээллийг бүртгэн хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эхлэлийг тавьсан. Үүнээс хойш 2011 онд лабораторийн шинжилгээний аппаратуудыг дотоод сүлжээний программ хангамжтай холбон лабораторийн шинжилгээний хариуг, 2016 оны 2 сараас эхлэн дүрс оношилгооны аппаратуудыг дотоод сүлжээний програмд холбож дүрс оношилгооны зураг болон хариуг, 2017 оны 1 сарын 3-ний өдрөөс хэвтүүлэн эмчлэх хэсгийн өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлэн  эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх үүсгэн хадгалж, 2020 оны зургаан сараас эхлэн амбулаторийн эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлэн жорын түүх үүсгэн хадгалж байгаа. Тэгэхээр манай төвөөр үйлчлүүлсэн бүх иргэдийн мэдээлэл мэдээллийн санд хадгалагдаж үлдэх юм. Өмнө нь ямар шинжилгээ хэзээ өгч байсан бэ, шинжилгээний хариу хэрхэн гарч байсан гэх мэт өмнөх мэдээллийг харьцуулж харж байх нь эмчлүүлэгчийн эмчилгээнд чухал нөлөөтэй байдаг.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. 

-Баярлалаа.