Чехээс ирсэн оюутны хил нэвтрүүллээ

Чехээс ирсэн оюутны хил нэвтрүүллээ

Чех улсаас  гарч ОХУ-аар дамжин, 25 хоногийн хугацаанд урт зам туулан ирсэн Монгол оюутныг хилээр нэвтрүүлэх асуудал нийгмийн анхаарар талсан билээ. Тухайн оюутан нь ОХУ-ын хилээр гарч Монгол улсын хил Алтанбулагын боомтод ирсэн бөгөөд түүнийг ирсний дараа шууд хилээр нэвтрүүлээгүй юм.

Монгол оюутан  Орос, Монголын хил буюу Алтанбулаг боомт дээр гацаж, олон нийт түүнийг хилээр нэвтрүүлэхийг шаардаад байсан билээ.  Тэрээр “Буцаад Орос руу нэвтрэх боломжгүй. 25 өдрийн турш газраар яваад ирж байхад ингэнэ гэж ёстой бодсонгүй. Шалтгаан нь намайг УОК-оос, Чехээс зөвшөөрөл аваагүй учраас гэж тайлбарласан. Би Чехээс ирэхдээ асуусан, зөвшөөрөл авах хүсэлт тавьсан. Тэгэхэд Чехэд суугаа Монгол Улсын Элчин сайд “Зөвшөөрөл авах шаардлагагүй. Бичиг баримтаа үзүүлээд л хилээр нэвтэрнэ” гэсэн. Буцаад яв, бидэнд чиний асуудал хамаагүй гээд байна” хэмээн өөрийн цахим сүлжээгээр илэрхийлсэн билээ. 

Харин гадаад харилцааны яамнаас тодруулахад тухайн оюутан нь Чехээс гарах тухайгаа мэдэгдээгүй, албаны хүнээс зөвшөөрөл аваагүй гэдгийг Чех дэхь Монгол Улсын элчин сайдын яам мэдэгдэж байгаа. Хэрэв тухайн оюутан нь Чех-ээс гарахдаа мэдэгдэж, зохих зөвшөөрөл авсан бол Гадаад харилцааны яам дамжин өнгөрөх улсын элчин сайд нарт мэдэгдэж, мөн Монголын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтыг урьдчилан хөөцөлдөж, УОК-т уламжлах байсан гэдэг тайлбарыг өглөө. 

Анхааруулахад 2020 оны 3 дугаар сараас эхлэн Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилээр гадаад болон дотоодын иргэдийг шууд нэвтрүүлэхийг хориглосон байгаа. Харин УОК-ийн шийдвэрийн дагуу нэгдсэн журмаар иргэдийг газраар болон агаараар нэвтрүүлж байна. Энэ журмын дагуу уг асуудал нь шууд УОК-ын мэдлийнх болж буй бөгөөд хил дээр ирсэн иргэнийг нэвтрүүлэх эсэх асуудлыг Гадаад харилцааны яам мэдэхгүй юм. 

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Чех улсаас ирсэн 25 настай Монгол оюутныг хил нэвтрүүлэх асуудлыг шийдсэн бөгөөд өнөөдөр өглөө 09 цагийн орчим хилээр орж ирсэн гэдэг мэдээлэл байна.