Авсрали улсаас 265 иргэн ирлээ

Авсрали улсаас 265 иргэн ирлээ

Монгол улс гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоц гарган татаж авч байгаа билээ. Өнгөрсөн шөнө ээлжит нислэг Улаанбаатарт газардлаа. Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 23:00 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан байна. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирсэн гэдэг мэдээллийг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өглөө. Дээрх иргэдийн дийлэнх нь УОК-оос гаргасан 5 шалгуурыг үндсэн дээр тусгай үүргийн онгоцонд багтсан байна. Тухайлбал 

  • хөгжлийн бэрхшээл 4
  • өндөр настан-асран хамгаалагчтай 38
  • эрүүл мэндийн шалтгаантай 49
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 74
  • жирэмсэн 18
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдэгдсэн. Тус онгоцоор ирсэн нэг иргэн нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байсан. Уг мэдээллийн үнэн бодитой эсэхийг албаныхан тайлбарлаагүй байна. Албаны мэдээлэл гарсны дараа танд дахин мэдээлэх болно. 

УОК-ын шуурхай штабаас 7 дугаар сард арав гаруй нислэг үйлдэж 3 мянга гаруй иргэдийг татан аваад байна. Харин 8 дугаар сард 16 нислэг үйлдэж 4 мянга орчим иргэнийг татан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн нэмэлтээр дахин 4 нислэг гаргахаар бэлтгэл ажлыг хангаж, нислэг үйлдэх улсын засгийн газартай тохиролцох ажлыг хийж байгаа гэв.