Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1,5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Өнөөдөр нийслэлээс Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шуурхай шийдвэрлэх асуудлууд дээр нь нийслэлээс дэмжлэг үзүүлэхээр ярилцлаа. Уг зам нь 1,5 км урттай, 14 м өргөнтэй 4 эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар Тахилтын авто замаас урагш төмөр зам хүртэлх 700 м газрын хөрс хуулалт, ухмал, далангийн дүүргэлтийн ажлууд хийгдээд хуваарийн дагуу явж байна. Нийслэлээс замын ажил хийгдэж буйтай холбоотой газар чөлөөлөх шаардлагатай 3 байршлыг шийдэж өгөхөөр болсон. Энэ жил бороо хур ихтэй байгаа учраас ажлаа зөв төлөвлөн зохион байгуулах шаардлагатай байна. Шинээр тавигдаж буй бүх замууд дээр ус зайлуулах хоолойг стандартын дагуу хийлгэж байна. Хот замуудаа хүлээж авахдаа зургийн дагуу иж бүрэн гүйцэтгэлтэй хүлээж авах болно. Энэхүү зам нь гадна тойруугийн зам болж байгаа бөгөөд ашиглалтад орсоноор хөдөлгөөний ачааллыг хуваалцах чухал ач холбогдолтой. Нүхэн гарцын ажлын явцын талаар холбогдох инженер, мэргэжилтнүүдтэй хуралдаж, явцыг хэлэлцэнэ. Сайн чанартай, гүйцэтгэл сайтай хийж байгаа аж ахуйн нэгжүүдээ хот дэмжээд явна, харин хариуцлагагүй, гүйцэтгэл муутай газруудыг бид хар жагсаалтанд оруулаад явна. Нэгэнт ажил хийж чадна гээд авсан бол сэтгэл гаргаж, мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийг бид шаардах болно” гэлээ.
Уг замын ажлыг зам доогуур нүхэн гарцын хамт ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах аж.