Л.Мөнхтүшиг: 62 настай суурь өвчтэй иргэн онгоцонд нас барсан харамсалтай хэрэг гарсан

Л.Мөнхтүшиг: 62 настай суурь өвчтэй иргэн онгоцонд нас барсан харамсалтай хэрэг гарсан

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нутаг буцаж байсан 62 настай эрэгтэй онгоцонд нас барсан харамсалтай явдал гарсан. Бид энэ мэдээллийг авсан даруйдаа Улсын онцгой комиссын шуурхай штабд мэдээлэл хүргэн, Австралид байгаа болон Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбогдож, дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнд Консулын газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаач өнгөрсөн оны сүүлчээр Австрали улсад суралцдаг хүүхэд дээрээ очсон юм билээ. Манай Элчин сайдтай хэд хэдэн удаа уулзсан гэнэ. Монгол, Австрали улсын анхны шууд нислэг долдугаар сарын 17-нд үйлдсэн. Бид одоо хоёр удаагийн нислэгээр ойролцоогоор 150 орчим өндөр настныг татан авсан. Нас барсан иргэн маань хоёр дахь удаагийн шууд нислэгт багтсан бөгөөд суурь өвчтэй хүн байсан. Тухайн иргэний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Авсрали улсад байгаа болон Монголд байгаа ар гэрийнхэн нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн байгаа. Австрали улсаас нийтдээ нутаг буцах хүсэлтэй 1200 орчим хүн байгаа. Эдгээр иргэдийн 300 орчим нь өндөр настан буюу 60-аас дээш насныхан. Эдгээр иргэдээ аль болох түргэн шуурхай татан авахын төлөө Гадаад харилцааны яамнаас ажиллаж байна. Нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийг татан авах ажлыг УОК хариуцан ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Гадаад харилцааны яамны зүгээс нутаг буцах хүсэлтээ гаргасан Монгол иргэдийн мэдээллийг цуглуулах, тухайн улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамтай зөвшилцөж Монгол иргэддээ бүх талаар туслах, мөн онгоц  очиж монгол иргэдээ авах боломжийг нээх зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна. Сар бүр татан авах иргэдийн тоог нэмэгдүүлж байгаа гэдгийг хэлмээр байна.