Монгол - Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус хоёр улсын найрамдалт харилцааны ойг энэ оны сүүлээр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцсон байна. Мөн цар тахлын үед Унгар улсад суралцаж, ажиллаж амьдарч буй иргэдийг байр, хоолоор хангах, визний асуудлыг хөнгөвчлөлтэй нөхцөлөөр сунгах асуудлыг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсын холбогдох албаныхантай ярилцаж тохиролцсон байна. Өнгөрсөн 7 хоногт Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болсонд баяртай байгаагаа хоёр тал илэрхийлжээ.
Хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон ярилцсан байна. Тэр дундаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарт томоохон төсөл хөтөлбөрийг Унгар улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг амжилттай эхлүүлжээ. Ингэснээр дээрх салбаруудад Унгар улсын засгийн газрын дэмжлэгийг авч ажиллах боломжтой болсон гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.
Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 оюутныг тус улсад суралцуулах боломж нээгдээд хэдэн жил болж байна. Энэхүү ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэйгээ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Унгар улсын холбогдох хүмүүст уламжилж, шийдүүлж чадсан байна. 2020 онд Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр 200 оюутан суралцуулах яриа хэлэлцээрийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван амжилттай хийжээ. Ингэснээр энэ онд суралцах оюутнуудын асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм байна.
Мөн тус улсад суралцаж байгаа оюутнуудын виз, байр, хоол, амьдрах зардлын асуудлыг Унгарын засгийн газар шийдэж өгсөнд талархаж буйгаа илэрхийлэв. Цар тахлын энэ үед Унгар улсад суралцаж буй Монгол оюутнуудыг нутаг буцахгүйгээр Унгарт байх байр, хоол, амьдрах зардлыг Монголын талын хүсэлтээр Унгар улсын засгийн газар шийдээд байгаа билээ. Унгар улсад Монгол улсаа төлөөлөн суугаа элчин сайд З.Батбаяр нь уг ажлыг гардан хариуцаж буй бөгөөд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нь элчин сайдад цар тахлын энэ үед Унгарт буй монголчуудын асуудлыг анхааралтай сонсч, цаг алдахгүй шийдэж байхыг мөн үүрэг болгожээ.
Ийнхүү Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол залуусыг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулах яриа хэлэлцээр амжилттай болж, хэрэгжих шатандаа ороод байна.