УИХ дахь МАН бүлэг нь 65 гишүүнтэй. Ямар ч хуулийг нэг дуугаар гар өргөөд батлах хэмжээний эрх мэдлийг авч чадсан. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд тийм байж чадсангүй. Ялангуяа эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого УИХ дээр орж ирээд унаж байгаа билээ. Засгийн газрын бодлого нь унах гол шалтгаан нь УИХ дахь сөрөг хүчний чадамж биш байлаа. Уг нь сөрөг хүчин 9 гишүүнтэй. АН-ын 9 гишүүн өнгөрсөн хугацаанд маш муу ажилласан. Харин тэдний орон зайг МАХН-ны ганц гишүүн О.Баасанхүү нөхсөн гэхэд болно.
Сөрөг хүчнийхээ орон зайд тогтлолт хийж эрх баригч намынхаа засгийн газрыг бодлогыг элдэвлэж, шүүж, шүүмжилж суугаа эрх баригч нам доторх сөрөг хүчин бол цөөн хэдэн гишүүн байна.
Ө.Энхтүвшин: Бодлогын хүрээнд асуудалд шүүмжлэлтэй ханддаг эрхэм. Бялуу хуваалтаас эхлээд л гомдолтой үлдсэн учир намынхаа хийж хэрэгжүүлж байгаа бодлогыг шүүмжлэх талын байр суурьтай болжээ. Гэхдээ учиргүй ПОП үг хэлж, асуудлыг дэвэргэж байгаа юм алга. Харин ч донжыг нь олж, голыг нь ухаж шүүмжлэлийг илгээж байгаа учир түүний үг бусдад нөлөө үзүүлж чадаж байна.
Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлогод хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдий нэг. Тэр дундаа засгийн газрын хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа эдийн засгийн шийдэл, алхам бүр нь уг эрхэмд таалагдахгүй байна. Засгийн газар эдийн засаг хүнд байхад ажил хийхгүй. Асуудлыг голыг нь олж авах чадвар алга гэдэг дээр түүний шүүмжлэл өрнөж байна. Хамгийн сүүлд л 580 сая ам долларыг засгийн газар хэрхэн төлөх гэж байгааг асууж, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг байрандаа байхыг сануулж, мэргэжлийн засгийн газрын мэдлэг нь бага сайд нарт шүүмжлэл илгээсэн нэгэн.
Ч.Улаан: Хэд хэдэн засгийн газарт сангийн сайдаар ажиллаж байсан түүний хувьд Ж.Эрдэнэбатын засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхээс өөр өнцөг харагдахгүй байгаа бололтой. Тэр дундаа сангийн сайдын ажил түүнд төдийлөн л таалагдсангй. Өнгөрсөн хугацаанд сангийн сайдын барьж оруулж ирсэн хуулийн төсөл бүр дээр өө олж харсан. Өөнтөг занг гаргасан гишүүн бол Ч.Улаан. Сангийн сайд гэдэг бол засгийн газрын мөнгөний бодлогыг зангидах ёстой. гэтэл тусгай сангийн хуулийг өөрөө барьж орж ирэхгүй хоёр өөр сайд нь бариад гүйх нь энэ засагт итгэх итгэлийг сулруулж байна гэсэн хатуухан шүүмжлэлийг дайгаад авсан.
Ж.Энхбаяр: Засгийн газрын үйл ажиллагааг хатуухан шүүмжилж байгаа улс төрчдийн нэг. тэр дундаа засгийн газрын хэд хэдэн сайдтай хариуцлага тооцох тухай хөндөөд авсан нэгэн. Түүний хамгийн түрүүнд нэр цохон шүүмжилсэн сайд нь Б.Чойжилсүрэн. Түүний хувьд сангийн сайдыг ажлаа хийж чадахгүй байна. Энэ хүнээ засгийн газар дотроо ярь. Шаардлагатай гэвэл огцруулах асуудлыг хөндөнө гэж байлаа. Мөн хууль зүйн сайдтай хариуцлага тооцох ч бэлэн шүү гэсэн сануулгыг өгч байв. Тэрээр батлан хамгаалах салбарын асуудлыг УИХ дээр цээжээр хамгаалан гардаг нэгэн. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ яриагүй сэдвийг хөндөж төсөв дээр анхаарсан нь гэж тус салбарынхан ам сайтай байгаам байна лээ.
Ц.Даваасүрэн: Ер нь л аль ч УИХ-ын үед тэр сөрөг хүчний талаас л үг хэлдэг гишүүн. Энэ удаа ч мөн л ялгаагүй шүүмжлэлтэй асуудалд хандаж байна. Гэхдээ түүний шүүмжлэл хий хоосон цэцэрхийлэл биш. Харин ч голыг нь олсон, оновчтой шүүмжлэл байж чаддаг. Засгийн газрын бодлогын алдааг хамгийн сайн харж, залруулах талд нь шүүмжлэлийг илгээж чадаж байгаа улс төрч бол тэр. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас оруулж ирсэн олон бодлогын алдааг шүүмжилж, УИХ-ын босгыг давуулахгүй унагаах тал дээр томоохон түлхэц өгсөн улс төрч юм.
Ц.Нямдорж: Шударга гэсэн дүр төрхийг өөртөө бүрдүүлсэн ахмад улс төрч. Түүний хэлсэн хахир үг, хатуухан байр суурь нь эрх баригч намын олон улс төрчийн санаа бодлыг өөрчлөх нөлөөтэй. Тэр зөвхөн засгийн газрыг шүүмжилдэг улс төрч биш. Тэр Ерөнхийлөгч, УИХ-ыг ч шүүмжилж хатуухан сануулга өгч сууна. Тухайлбал ажилдаа ирдэггүй гишүүдийг тэр л зарлаж, хариуцлага нэхсэн. Залуу гишүүн Гантулга, Учрал нарыг ажилдаа ирэхийг Ц.Нямдорж л сануулж байлаа. АН-ын төлөөлөл болох Наранхүү гэж хүн хуралд огт суудаггүй гэж тэр л УИХ-ын чуулганы даргалах үедээ цуурайтуулсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдсан асуудлыг сөхсөн нь түүний шударга гэх дүр төрхийг тодруулсан ч цаана эрх ашигтай. түүндээ хүлэгдсэн нэгэн гэсэн дүр төрхийг бас тодруулж өглөө.
Т.Аюурсайхан: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. Сонгуульд нэр дэвших эрхээ хэн нэгэн даргаас гуйж аваагүй. хурлын төлөөлөгчдийнхөө итгэл найдвараар өвөртөлсөн учраас тэр бардам байх шиг байна. Мөн зүүний хүчний холбооных гэдэг утгаараа тэр эсэргүү 13 гишүүний нэг болох нь тодорхой болжээ. Угаасаа бялууны зүсмээс хүртэж дөнгөөгүй учир тэр цогтой бас омголон байгаа. ийм ч учраас асуудал бүрт шүүмжлэлтэй хандаж, засгийн газрын бодлого бүрийг битүүхэндээ чимхээд сууж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Анхдугаар чуулганы хуралдаанд л намын даргаа мөргөөд авсан. Ишиг эвэр нь ургахаар эхийг мөргөнө гэгч үү гэсэн асуултыг зарим улс төрчид асууж байсан ч тэр өөр утгатай гэдгийг үгээрээ, бас үйлдлээрээ хариулаад авна лээ. Угаасаа МАН-ын дарга М.Энхболдын хүн тэр биш. Тэр бол шадар сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн хүн. Тэгэхээр У.Хүрэлсүхийн бодлыг түүнээс харж болно. Тэр аялал жуулчлалын хөгжүүлэхийн тулд УИХ дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй Лобби бүлэг байгуулж байгаагаа хэлсэн байна лээ. Бас болоогүй тэр ойрмогхон Ж.Эрдэнэбатыг барьж аваад балбаж өгч байгаа. сав л хийвэл 6 сар бид огт юу ч хийсэнгүй. Яаж өр төлбөрөө барагдуулах юм. Яаж эдийн засгаа сэргээх юм гэх мэтээр Ж.Эрдэнэбатыг М.Энхболдтой нь цуг шүүмжлээд байгаа.
Эдгээр улс төрчид өнөөдөртөө МАН доторх сөрөг хүчний дүр эсгэгчид. Тэд дараагийн засгийн газарт сайд, эсвэл УИХ дээр томоохон албан тушаал хашина. Ийм л бодол эднийг эргэлдүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Эдгээр хүмүүсээс л нэгдэж Ж.Эрдэнэбатын засгийн газрын сайд нарыг огцруулах, эсвэл засгийн газрыг бүхэлд нь ганхуулах алхамыг хийнэ. Ер нь бол энэ хүмүүсийн нэгдэл явцдаа элсний 13 гэгчийг УИХ дээр бүрдүүлэх нь дамжиггүй ээ. Ж.Эрдэнэбатыг огцруулах 19 гишүүний гарын үсгийг цуглуулах шиг амархан ажил тэдэнд байхгүй болж мэднэ шүү.
Ш.Раднаасэд: Тэр өнөөдөр л эх орончын дүрд орж байна. Гэхдээ түүний жинхэнэ бодол бол эрх баригч МАН-ыг шүүмжлэх биш. Харин МАН-ын дарга М.Энхболдыг илүү тод томруулан харуулах алхамыг хийж байгаа улс төрч. Тэр хэзээ ч засгийн газрыг шүүмжлэхгүй. Тэр хэзээ ч МАН-ын дарга М.Энхболдыг шүүмжлэхгүй. Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудлаар өөрийгөө олонд танилцуулж, өрөөл бусдад нэмэх оноо олгох гэж л эх орончийн дүр эсгэж байх магадлалтай.